Авто мото спортын олимп гэгддэг “Дакар ралли-2026” уралдааны 10 дах гараа өчигдөр /2026.01.14/ өндөрлөлөө.
Мотоциклийн ангилалд уралдаж буй манай тамирчид Саудын Арабын Биша хотыг хөндлөн 420 км туулах тус гараанд амжилттай гарч, замаа дуусгалаа. Тодруулбал, МУГТ Э.Халиунболд 4:54:24 секундын амжилтаар замаа дуусгаснаар одоогоор идэвхтэй уралдаж буй 97 тамирчнаас 20 дугаар байрт жагсаж байна. Ингэснээр 46:18:17 цагийн амжилтаар 15, "Rally 2" төрөлдөө долдугаар байранд бичигдэж буй. Харин П.Мөрөн 51:38:05 цагийн үзүүлэлтээр нийлбэр дүнгээр 30, “Rally 2” төрөлдөө 20 дугаарт жагслаа.
Өнөөдөр уралдааны 11 дэх өдрийн гараа болох бөгөөд тамирчид Биша хотоос Ал Нэнакуяах хотын зүг нийт 882 км замыг туулна. Уралдааны цаг тооцох нь 346 км зам юм. Өнөөдрийн 11 дүгээр гарааны замын 83 хувь нь хатуу хөрс, 10 хувь нь хадархаг, долоо хувь нь элсэн замаар туулах аж.
49 жилийн түүхтэй энэхүү уралдаанд Монгол улсаас анхлан 2013 онд МУГТ Д.Болдбаатар нийт 3 удаа, ОУХМ Н.Лхамаа 5 удаа тус тус уралдсан. Тэд “Дакар ралли”-д хамгийн олон уралдсан монгол тамирчид юм. Түүнээс хойш 2014 онд Д.Болдбаатар, Н.Лхамаа, Х.Батболд, 2015 онд Н.Лхамаа, Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт, Б.Сүрэндорж, Д.Болдбаатар, Ч.Анар, Д.Жаргалсайхан, 2019 онд Н.Лхамаа, Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт, 2022 онд Н.Лхамаа, Б.Баттөр, Г.Аранзал, Г.Тэмүүжин, 2024 онд Ч.Ганзориг, 2025 онд П. Мөрөн нар уралдаж байжээ.
Монголын тамирчдаас хамгийн өндөр амжилтыг 2019 онд Перу улсад болсон 41 дэх удаагийн “Дакар Ралли”-гийн 5000 км-ын зайд Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нарын ах дүүс UTV оpen ангилалд хүрэл медаль, мотоциклын төрөлд гавьяат тамирчин Д.Болдбаатар 45 дугаар байрт хурдалж гаргаж байсан юм.
Н.МӨНХБААТАР