Допингийн асуудлаар цолоо хураалгах болоод буй Н.Өсөхбаяр Үндэсний спортын арбитрт хандан гомдол гаргажээ

Допингийн асуудлаар цолоо хураалгах болоод буй Н.Өсөхбаяр Үндэсний спортын арбитрт хандан гомдол гаргажээ

Өнгөрсөн жилийн наадамд найм даван үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяраас допингийн төрлийн хориотой бодис илэрсэн тул түүний гарди цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилийн хугацаагаар хасах саналыг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн байдаг.

Энэ талаарх өнгөрсөн оны аравдугаар сард гарсан албан бичиг ч саяхан цахим орчинд ил болсон. Тодотговол, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнгөрсөн аравдугаар сард Н.Өсөхбаяраас хориотой допингийн бодис илэрсэн тул түүний цолыг хураах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн талаарх баримт бичиг ил болсон юм. 

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Н.Өсөхбаяр нь дээрх асуудлаар буюу Үндэсний бөхийн салбар хорооны шийдвэрийг эсэргүүцэж, Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитрт гомдол гаргасан байна.

Учир нь Аймгийн арслан Н.Өсөхбаяр "Өөрөөс нь додинг илэрсэн асуудлыг хүлээн зөвшөөрсөн ч уг асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулах болно" гэдгээ мэдэгдэж байсан бөгөөд уг асуудлаар хуулийн байгууллагаас нэр бүхий дасгалжуулагчид эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Гэтэл эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж, эцсийн байдлаар шийдвэр гараагүй байхад Үндэсний бөхийн салбар хороо Н.Өсөхбаярын цолыг хураах санал гаргаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж ийнхүү Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитрт хандаад байгаа аж. 

Ташрамд өгүүлэхэд, нэр бүхий дасгалжуулагч Н.Өсөхбаярт зориудаар допингийн төрлийн бодис өгч, хэрэглүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа гэх мэдээлэл байгаа. Тиймээс ч уг хэрэгт цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг. Хэрэв Н.Өсөхбаярт допингийн төрлийн бодис зориуд, мэдэгдэхгүйгээр хэрэглүүлсэн нь хуулийн байгууллагаар эцэслэн тогтоогдвол түүнийг барилдах эрхийг хасаж, цолыг нь хураах Үндэсний бөхийн салбар хорооны санал хүчингүй болж, тэрбээр цагаадах юм.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө