Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг УИХ-аас дэмжиж, 123 дугаар тогтоол баталсан нь энэ сарын 19-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.
Нэр бүхий сэтгүүлч, хуульчдаас Цэцэд хандан “Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Үндсэн хууль зөрчсөн” гэсэн маргаан гаргасан. Уг асуудлыг Цэц шийдвэрлэж “Эрүүгийн хуулийн дээрх зүйл Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… эрх чөлөө, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын “… үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх … эрх чөлөөтэй”, мөн зүйлийн 17 дахь заалтын “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг зөрчсөн хэмээн дүгнэж, заалтыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлээд байна.
Ингэснээр Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэгт хариуцлага тооцох тухай заалт хүчингүй болж, холбогдох эрх зүйн харилцааг Үндсэн хуульд нийцүүлэн шинээр томъёолно. Иргэдийн жам ёсны эрхийг зөрчиж, айдас хүйдэст автуулж байсан ял шийтгэлийг Эрүүгийн хуулиас авах зөвлөмжийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит нэгдсэн хэлэлцүүлгээр удаа дараа өгч байсан бөгөөд УИХ-ын 123 дугаар тогтоол нь иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалж, Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн алхам болжээ.