BTS хамтлаг дэлхийн аялан тоглолтоор эргэн ирж, 1 тэрбум ам.долларын орлого олох төлөвтэй байна

BTS хамтлаг дэлхийн аялан тоглолтоор эргэн ирж, 1 тэрбум ам.долларын орлого олох төлөвтэй байна

K-pop ертөнцийн хамгийн алдартай хамтлаг BTS дөрвөн жилийн завсарласны дараа 79 өдрийн дэлхийг хамарсан аялан тоглолтоо албан ёсоор зарласан байна. Энэхүү эргэн ирэлт нь 2026 оны хөгжмийн салбарын хамгийн том үйл явдлуудын нэг болох төлөвтэй байгаа ажээ.

Аялан тоглолт 2026 оны 4 дүгээр сарын 9-нд Өмнөд Солонгосын Гоян хотын цэнгэлдэх хүрээлэнд гурван шөнийн тоглолтоор эхэлж, Ази, Европ, Америкийн томоохон хотуудыг хамрах аж. Тодруулбал, Лондон, Токио, Мюнхен, Сидней, Лос Анжелес зэрэг хотуудад тоглолт хийх бөгөөд Лондонд Тоттенхэм Хотспур цэнгэлдэх хүрээлэнд хоёр шөнө тоглох ажээ. Мөн тайзыг 360 градусын тойрог хэлбэртэй зохион байгуулснаар илүү олон үзэгчийг хүлээн авах боломж бүрдэх гэнэ.

BTS-ийн өмнөх дэлхийн аялан тоглолт 246 сая ам.долларын орлого олж, K-pop хамтлагийн түүхэн дээд амжилтыг тогтоож байсан. Тэгвэл Billboard сэтгүүлийн тооцоолсноор энэ удаагийн аялан тоглолт, цомог, бараа бүтээгдэхүүн, лицензийн орлогоос хамтлаг болон HYBE компани нийтдээ 1 тэрбум ам.доллараас давсан ашиг олох төлөвтэй байгаа аж.

Хамтлаг завсарлага авсан 2024 онд HYBE компанийн үйл ажиллагааны ашиг 37.5 хувиар буурсан нь BTS-ийн эдийн засгийн нөлөөг тод харуулсан байна. Шинэ цомгийн бичлэгийг Лос Анжелес хотод зургаан сарын турш бичсэн бөгөөд ирэх гуравдугаар сарын 20-нд цацах ажээ. 

Сонирхуулахад,  BTS хамтлагийн гишүүд цэргийн албаа бүрэн хааж дуусгаснаар хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ дахин нэгдэж байгаа нь фенүүдийн хувьд онцгой мөч болж байна. Суга 18 сарын албаа дуусгаснаар хамгийн сүүлд эргэн ирсэн гишүүн болжээ. BTS хамтлаг 2010-аад оны эхээр байгуулагдаж, хип хоп, бүжгийн поп хэв маягийг гүн утга бүхий дууны үгстэй хослуулан K-pop-ийг дэлхий дахинд таниулж чадсан юм. Тэгвэл энэ удаагийн тоглолтын тасалбарын урьдчилсан худалдаа энэ сарын 22-нд фенүүдэд, хоёр хоногийн дараа олон нийтэд нээгдэх бөгөөд 2027 онд нэмэлт тоглолтууд зарлагдах ажээ. 

Эх сурвалж: BBC