Хэсгийн ахлагч нарыг нэг сая төгрөгөөр цалинжуулж олон нийтийн цагдаагаар ажиллуулна

Хэсгийн ахлагч нарыг нэг сая төгрөгөөр цалинжуулж олон нийтийн цагдаагаар ажиллуулна

Хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулж байна. 

Өчигдөр ээлжит мэдээллээ хүргэж, нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхээр авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар дурдлаа.

Энэ үеэр тэрбээр орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн 173 хорооны 1700 гаруй хэсгийн ахлагчийг олон нийтийн цагдаагаар ажилуулах бэлтгэл ажлыг хангаж дууссан бөгөөд энэ сарын 15-наас эхэлж ажиллуулна гэж мэдэгдлээ.

Өнөөдрийн байдлаар 180 гаруй олон нийтийн цагдаа ажилладаг байна. Олон нийтийн цагдаа нь Засгийн газар, УИХ-аас баталсан хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хотын соёлыг түгээж аюулгүй орчныг бүрдүүлэх зэрэг үндсэн үүрэгтэй аж.

Хороо хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагаар ажилласнаар нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг шуурхай мэдээллэх, олон нийтийн гудамж талбайд нус, шүлсээ хаясан, ил задгай бие зассан иргэдэд хатуу шаардлага тавих болон бусад хориглосон заалт журмыг зөрчсөн иргэдэд сануулга өгч хариуцлага хүлээлгэх бүрэн эрхтэйгээр ажиллах юм.

Тус асуудлыг өнөөдрийн НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж тогтоолыг батлах юм байна. Хэсгийн ахлагч нарыг сарын нэг сая төгрөгөөр цалинжуулахаар тогтоож, төсөв санхүүгийн асуудлыг шийдэх аж. Тэднийг сонгууль дуустал буюу зургадугаар сар хүртэл ажиллуулна гэх мэдээлэл байгаа юм.