Ардчилсан намын үндсэн дүрэм болон даргын өөрчлөлтийг Улсын дээд шүүх бүртгэсэн. Шинэ дүрмийн дагуу Ардчилсан нам ирэх гуравдугаар сарын эхээр Үндэсний бодлогын хороогоо /ҮБХ/ хуралдуулж, намын ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга зэрэг удирдлагууд болон ҮБХ-ны гишүүдээ шинээр сонгох гэж байна.
Тиймээс ч ҮБХ-ны гишүүдийн төлөөх өрсөлдөөн аль хэдийн эхэлж, фракциуд энд, тэнд уулзаж эхэлжээ. Тэдэн дунд хамгийн хөөцөлдөлгөөтэй яваа нь Женко Х.Баттулга байна.
-ЭНЭ УДААГИЙН СОНГУУЛИАР ҮБХ-НЫ ГИШҮҮДИЙГ 504 БОЛГОН НЭМЭГДҮҮЛНЭ-
Тэрбээр ҮБХ-ны гишүүдийг сонгох дотоод сонгуулийн үеэр Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийг авахаар төлөвлөн МоАХ нь ажиллаж эхэлжээ. Бүр менежер ч томилон ажиллуулж байгаа гэх мэдээлэл байна. Х.Баттулгыг Монголын ардчиллын эсрэг ажиллаж ирсэн гэх шүүмжийг тус намынхан хэлдэг. Мөн бүх сонгуулиар мөнгө ихээр хаяж, процессыг будлиантуулах зэргээр шударга бус ажиллаж ирсэн учир АН-ынхан Х.Баттулгыг адалдаг. Энэ удаа ч түүнийг нийслэлийн хамгийн том гурван дүүргийг авч өөрийнхөө "гар, хөл"-ийг тавих гэж буйг зарим нь илт эсэргүүцэж байгаа аж. Тиймээс ч намын дарга О.Цогтгэрэлд албан ёсоор гомдол мэдүүлсэн гэх мэдээлэл байна.
Энэ удаагийн сонгууль нь онцлогтой бөгөөд ҮБХ-ны 360 гишүүнийг 126x4=504 болгож нэмэгдүүлнэ. Угтаа бол 550 болгоно гэж байсан ч Дээд шүүхээс зөвшөөрөөгүй учир 504 болгож байгаа аж.
Дотоод сонгуулийн хүрээнд "Нээлтэй, цэгцтэй Ардчилсан нам" үндэсний аяныг зохион байгуулна гэж тус намын ерөнхий нарийн бичгийн Н.Ганибал мэдэгдсэн. Үүний дараа ҮБХ-ны гишүүдийг сонгох сонгууль болж,15 дэд дарга, нарийн бичгийн даргаа солих үйл ажиллагаа эхлэх юм.
-Н.ГАНИБАЛ ЭНЭ САРЫН 18-НААС ХОЙШ ГИШҮҮНИЙГ ШИНЭЭР ЭЛСҮҮЛЭХ, ДОТООДОД ХӨДӨЛГӨӨН ХИЙХИЙГ ХОРИГЛОСОН ШИЙДВЭРИЙГ ХЭНТЭЙ Ч ЗӨВЛӨЛДӨЛГҮЙ ГАРГАЖЭЭ-
Үүнтэй холбоотойгоор Х.Баттулгын хүн гэгддэг АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал өнгөрсөн долоо хоногт нэгэн шийдвэрийг хэнтэй ч зөвлөлдөлгүй гаргасан нь мөн "хэл ам" дагуулжээ. Тэр нь энэ сарын 18-ны өдрөөс хойш гишүүнийг шинээр элсүүлэх, дотоодод ямар нэг хөдөлгөөн хийхийг хориглосон байна. Үүнийг АН-ын олон фракц мөн эсэргүүцэж, "Заль ашиглаж байна" хэмээн намын дарга О.Цогтгэрэлдээ шаардлага хүргүүлсэн байна. Тодруулбал, Х.Баттулга болон зарим фракцынхан одоогийн гишүүдийн тоо, бүтэцдээ тааруулан үр дүнгээ тооцжээ. Ингэж хайрцаглаж болохгүй гэдгийг шаардах хүн олон бөгөөд Ардчилсан нам өөрөө ардчилсан байж гишүүдийг элсэх, шилжих эрхийг чөлөөтэй орхих ёстой гэсэн байна. Энэ мэт Х.Баттулга ба бусад гэсэн агуулгаар АН дотор өрсөлдөөн эхэлжээ.