Өнгөрсөн баасан гарагт /2025.01.09/ Дээд шүүх хуралдаж МАН-ын үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг мөн тус намын даргаар Н.Учралыг албан ёсоор бүртгэсэн. Зэрэгцүүлж Ардчилсан намын хөтөлбөр, Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцэж хуульд нийцсэн гэж үзсэн юм.
-ДЭЭД ШҮҮХ АРДЧИЛСАН НАМЫН ҮНДСЭН ДҮРМИЙГ ӨНГӨРСӨН БААСАН ГАРАГТ БҮРТГЭСЭН-
Тэгвэл Ардчилсан намын хөтөлбөр, Үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхгүй эрсдэл байсан гэх мэдээлэл байна.
Учир нь АН-ын бүлгийнхэн намрын чуулган хаахтай зэрэгцэн төрийн албаны бүтцийг цомхотгох, 14 дэд сайдын томилгоог хүчингүй болгох шаардлагыг Засгийн газарт тавьсан бөгөөд АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн албан бланк дээр "Ерөнхий сайдыг огцруулах" саналыг гаргаж, гишүүдийн гарын үсгийг цуглуулсан. Уг саналд гарын үсэг зурсан гишүүдийн тоо Үндсэн хуульд заасны дагуу 32 хүрсэн гэдгийг АН-ын бүлгийн дарга Д.Цогтгэрэл мэдэгдсэн ч УИХ-д өргөн бариагүй. Ингэснээр уг асуудал автоматаар хаврын чуулган руу шилжсэн бөгөөд тэр үед энэ шаардлагын эрч унаж, сунжирсаны улмаас АН-ын бүлгийнхний хүсч буй үр дүн гарахгүй нь нэгэнт тодорхой байгаа юм.
Уг нь АН-ын бүлэг Ерөнхий сайд Г.Занданшатарт тав хоногийн хугацаа өгөөд энэ хугацаанд дэд сайд нараа чөлөөлөхгүй бол огцруулах саналыг УИХ-д өргөн барина гэж байв. Гэвч Ерөнхий сайд Г.Занданшатараас илүү УИХ-ын дарга Н.Учрал дэд сайдтайгаа үлдэнэ гэх хатуу байр суурийг илэрхийлсэн учир МАН гаргасан шийдвэрээ хатуу хамгаалаад үлдсэн гэдэг.
Нөгөөтэйгүүр "Намын тань үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхгүй шүү" гэх сүрдүүлэг О.Цогтгэрэлд ирж тэрбээр сандарсандаа асуудлыг намжаасан байхыг үгүйсгэхгүй юм.
-ДЭД САЙДТАЙ БАЙХЫГ ХҮССЭН ХҮН НЬ УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ-
Тэгэхээр Ерөнхий сайдыг огцруулах асуудал цааш үргэлжлэхгүй нь тодорхой байна. Дээрхээс гадна О.Цогтгэрэлд бүлэг нь базагдахгүй байсан нөгөө талд МАН нягтарч тоглож байсан гээд олон шалтгаан байсан билээ. Энэ мэт асуудлаас болж Ерөнхий сайдыг огцруулж чадахгүйгээ мэдсэн О.Цогтгэрэл МАН, АН-ын бүлгийн гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийг гаргаж, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулж, “дэд сайд” гэсэн албан тушаалыг хасах хуулийн төслийг боловсруулна зэрэг аргалсан тайлбар хэлээд намрын чуулганыг завсарлуулж байна. Засгийн газрын тухай хуулийн 18 дүгээр зүйлийн 1-д, Дэд сайдын бүрэн эрхийг тодорхой заасан байх бөгөөд мөн хуулийн 18 дүгээр зүйлийн 3-д “Дэд сайдын бүрэн эрхийн хугацаа нь Засгийн газрын бүрэн эрхийн хугацаатай адил байна гэсэн байдаг. Үүнийг өөрчилнө гэж аргацаасан мэдэгдлээр тэрбээр Засгийн газрын огцруулах саналаа хаврын чуулган руу шилжүүлж байна.