АНУ-ын цэргийнхэн Сирид “Исламын улс” бүлэглэлийн байршлуудад томоохон цохилт өгчээ

АНУ-ын цэргийнхэн Сирид “Исламын улс” бүлэглэлийн байршлуудад томоохон цохилт өгчээ

АНУ болон түүний түнш хүчнийхэн Сирид “Исламын улс” бүлэглэлийн байршлуудад томоохон хэмжээний агаарын цохилт өгсөн талаар АНУ-ын Төв командлал өнөөдөр /2026.01.11/ мэдэгдсэн байна.

АНУ-ын Төв командлалын мэдээлснээр, энэхүү ажиллагаа нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 13-нд Сирид АНУ-ын цэргүүд рүү“Исламын улс” бүлэглэлийн зүгээс халдсан халдлагын хариу бөгөөд “Шоргоолжны цохилт” нэртэй цэргийн ажиллагааны хүрээнд хийгдсэн гэжээ. Уг ажиллагааг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп удирдсан гэжээ.

Тус командлал X сүлжээнд “Энэхүү цохилт нь терроризмтой тэмцэх, АНУ болон бүс нутгийн түнш хүчнийг хамгаалах зорилготой” хэмээн онцолсон байна. Мөн АНУ-ын Төв командлалаас, “Хэрэв та манай дайчдад хор хөнөөл учруулбал бид таныг дэлхийн хаана ч байсан олж, шударга ёсыг тогтооно” гэж мэдэгджээ. CBS News телевизэд нэгэн албан тушаалтан мэдээлснээр, уг ажиллагаанд 20 гаруй нисэх онгоц оролцож, 35 гаруй бай руу 90 гаруй нарийн тусгалтай сум хэрэглэсэн байна. 

Одоогоор цохилтын яг байршил болон учирсан хохирлын хэмжээ тодорхойгүй байна. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет X сүлжээнд, “Бид хэзээ ч мартахгүй, хэзээ ч бууж өгөхгүй” хэмээн бичжээ.

Сирийн төв хэсэгт орших Палмира хотын ойролцоо “Исламын улс” бүлэглэл отолт хийж, АНУ-ын хоёр цэрэг болон АНУ-ын иргэний орчуулагч амиа алдсаны дараа Д.Трампын засаг захиргаа 2024 оны арванхоёрдугаар сард “Шоргоолжны цохилт” ажиллагааг анх зарласан юм.

Тухайн үед П.Хегсет, “Энэ бол дайны эхлэл биш, харин өшөө авалтын тунхаглал” хэмээн мэдэгдэж байжээ.  АНУ-ын Төв командлалын мэдээлснээр, 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ноос 29-ний хооронд АНУ-ын хүчин уг ажиллагааны хүрээнд 11 удаагийн даалгавар гүйцэтгэж, “Исламын улс” бүлэглэлийн бараг 25 гишүүнийг хөнөөсөн буюу олзолсон байна.

Сири улс 2024 оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгч Башар аль-Ассадын дэглэм унаснаас хойш улс төр, аюулгүй байдлын хувьд эмзэг байдалд орсон бөгөөд 13 жил үргэлжилсэн иргэний дайн ийнхүү үр дүнтэйгээр зогсоод байна. Босогчдын бүлэглэлүүд Асадыг түлхэн унагасны дараа Абу Мохаммед аль-Жолани нэрээр алдаршсан Ахмед аль-Шараа Сирийн ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн юм. Хэдийгээр “Исламын улс” бүлэглэл Сирид ихээхэн суларсан ч бүрэн устгагдаагүй хэвээр байгаа бөгөөд 2025 онд голчлон зүүн хойд бүсэд Курдын удирдсан хүчний эсрэг халдлагуудыг үргэлжлүүлэн үйлдэж байгаа аж. 

Эх сурвалж: BBC