Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэн Минжуаныг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд Ж.Энхбаяр Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагаа улс төр, нийгэм, эдийн засаг, боловсрол зэрэг бүхий л салбарт эрчимтэй хөгжиж байгааг онцолж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд Монгол Улс хөрш улсынхаа эдийн засгийн хөгжил дэвшлийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Засгийн газар хоорондын комисс нь хоёр улсын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг тул түүний үйл ажиллагааг ажил хэрэгч, үр дүнтэй зохион байгуулах нь онцгой ач холбогдолтойг тэмдэглэлээ.

Худалдаа, тэр дундаа уул уурхайн салбар хамтын ажиллагааны гол чиглэл хэвээр байх боловч хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх нь улс төр, нийгмийн хувьд чухал ач холбогдолтойг онцлов. Мөн Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх байгалийн хийн хоолойн төсөл зэрэг олон чиглэлд бодит ахиц гарч байгааг дурдаад, БНХАУ-ын 15 дахь таван жилийн төлөвлөгөөнд Монгол Улс өөрийн саналыг албан бичгээр хүргүүлсэн бөгөөд Монголтой холбоотой олон чухал асуудал туссан гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр нь бүс нутгийн логистик, худалдааг эрчимжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх ач холбогдолтойг онцоллоо. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй төслүүдийн хэрэгжилтэд онцгой анхаарал хандуулж байгааг дурдан, хийн хоолой, төмөр зам, боомтын шинэчлэл, агаарын орон зайн хамтын ажиллагаа зэрэг олон чиглэлд бодит үр дүн гарч байгааг тэмдэглэв.

Элчин сайд Шэн Минжуан БНХАУ нь 15 дахь таван жилийн төлөвлөгөөний хүрээнд “өндөр чанартай хөгжил”-ийг бий болгох, тэр дундаа инноваци, ногоон хөгжлийг чухалчилж байгааг онцлов. Тэрбээр БНХАУ нь хиймэл оюун ухаан, ногоон эдийн засгийн салбарын хөгжилд дэлхийд тэргүүлж буйг дурдаад, эдгээр чиглэлээр хоёр улс хамтран ажиллах өргөн боломжтойг илэрхийллээ. Мөн өнгөрсөн оны есдүгээр сард Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Төрийн тэргүүн нар уулзаж, гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг эрчимжүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх төслийг эхлүүлэхээр тохиролцсоныг хэлсэн юм. Хятадын тал уг хөтөлбөрийг тууштай дэмжиж, байгалийн хийн хоолойн төслийг эхлүүлэхэд анхаарч ажиллахаа хэлсэн. Дэлхийн геополитикийн нөхцөл байдал хурцадмал байгаа энэ үед гурван улс хамтран бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ.