Н.Мадурог баривчилсаны дараа Венесуэлийн засгийн газар улс төрийн хоригдлуудыг суллаж эхэлжээ

Н.Мадурог баривчилсаны дараа Венесуэлийн засгийн газар улс төрийн хоригдлуудыг суллаж эхэлжээ

Венесуэлийн засгийн газар хүний эрхийн байгууллагуудын "улс төрийн хоригдол" гэж үздэг зарим хоригдлыг суллаж эхэлсэн байна. Испанийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр, тус улсын таван иргэн, түүний дотор давхар иргэншилтэй нэг иргэн суллагдсан байна. Тэдний дунд хүний эрхийн төлөө тэмцэгч Росио Сан Мигель багтсан байна.

АНУ-ын эрх баригчид Николас Мадурог Нью-Йоркт хар тамхины наймаатай холбоотой хэрэгт буруутгасны дараа Венесуэлийн засгийн газар энэхүү алхмыг хийж эхэлжээ. Улс төрийн хоригдлуудыг суллах нь АНУ-ын зүгээс Венесуэлд тавьж ирсэн олон жилийн шаардлага байсан бөгөөд ялангуяа сонгууль болон эсэргүүцлийн үеэр хэлмэгдүүлэлт нэмэгддэг хэмээн шүүмжилсээр ирсэн юм.

Венесуэлийн Үндэсний Ассамблейн дарга, Делси Родригезийн ах Хорхе Родригез тус улсын телевизээр “олон тооны” хоригдлыг суллана гэж мэдэгдсэн ч хэн хэн суллагдаж буйг тодорхой хэлээгүй байна. Одоогоор Венесуэлийн шоронд хэдэн зуун улс төрийн хоригдол байгаа бөгөөд тэднээс цөөн хэсэг нь л суллагдсан гэж хүний эрхийн байгууллагууд үзэж байна. Хорхе Родригез тэднийг “үндэсний эв нэгдэл, энх тайван зэрэгцэн орших” зорилгоор суллаж байгаа хэмээн тайлбарлажээ. Аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын шинжээч Росио Сан Мигель суллагдсан нь батлагдсан анхны тохиолдол болсон байна.

Түүнийг 2024 оны хоёрдугаар сард Каракасын ойролцоох Майкетиа нисэх буудал дээр баривчилсан аж. Тухайн үед түүнийг Н.Мадурог хөнөөх хуйвалдаанд оролцсон, эх орноосоо урвасан, терроризмын хэрэгт холбогдуулан буруутгаж байжээ.

Н.Мадурог баривчилсны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Венесуэлийн "Эль Хеликойде" шоронд 50-80 орчим улс төрийн хоригдол хоригдож байгаа гэж мэдэгдсэн. Уг шорон нь улс төрийн өрсөлдөгчдийг хорьдгоороо олон улсад нэртэй бөгөөд хүний эрхийн байгууллагууд тэнд эрүүдэн шүүх, зодох, цахилгаанд цохих зэрэг зөрчил гардаг талаар мэдээлсээр иржээ.

Эх сурвалж: BBC