Б.Амарзаяа: Гэрлэлтийн баталгаагаа шатсан чигээр нь жаазлаад хадгална

Б.Амарзаяа: Гэрлэлтийн баталгаагаа шатсан чигээр нь жаазлаад хадгална

Цас хайлж, нар шарсан дөрөвдүгээр сарын 10-ны үд. Залуу хос ажилтай таарч, гэрт зургаан жаахан охин нь үлджээ. Хүүхдүүд хашаан дотроо юунд ч анхаарал хандуулах сөхөөгүй тоглоно. Гэнэт гал юу, юугүй гэрт авалцаж хашаанд тоглож байсан хүүхдүүд айж, сандаралдаж эхлэв. Гэрээ шатахыг харсан бяцхан үрс айдаст автан уйлж, хашгирна. Ингэж гүйх үедээ 10 настай хамгийн том охин нь бага дүүгээ гэрт байгааг гэнэт санаж, шатаж байсан гэр рүү гээ гүйж орон даавуунд ороогоод гарч иржээ. Бяцхан зүрх маш их айж байсан ч дүүгээ аврах асар их зориг гаргаж, эрсдлээс огт бэргээгүй нь гайхалтай.

Үүнээс хойш 10 хүрэхгүй минутад тэд гэр орноо галд бүрэн алдсан юм.

Хэдхэн өдрийн өмнө болсон энэ хүндхэн  явдлын дараа бид н.Данзандаржаагийн гэрт очлоо. Үнс болтол шатсан гэрээс нь ганц зуух л үлдсэн байв. Азаар салхи урдаасаа байсан учир хажууд нь байсан дүүгийнх нь гэр бүрэн үлдэж тэд одоогоор хоноглох газартай байна. “Зургаан хүүхдийн минь заяа түшлээ” гэсээр залуухан алдарт эх Б.Амарзаяа биднийг угтав.

-ГАЛААС БАГА ДҮҮГЭЭ ГАРГАЖ АВААД, БУСАД ДҮҮ НАРАА
ЦУГЛУУЛААД ХЭД, ХЭДЭН УДАА ТООЛЖЭЭ-

Охидын аав н.Данзандаржаа гутал засвар ажиллуулж харин ээж Б.Амарзаяа Нарантуул зах дээр хүүхдийн тоглоом худалдааны туслах ажилтан хийдэг. Тэд 2-10 насны зургаан охинтой дөрөв нь сургуульд явдаг.  Залуу хос олон цаг ажилладаг учир том охин Д.Халиунаа дүү нараа хардаг аж. Д.Халиунаа охин том болоод оёдолчин болохыг хүсдэг. Оёж өмсөхийг хүссэн хувцасныхаа загварыг гаргаж зурдаг ч зурагнууд нь галд шатжээ. Гал гарах үеэр хамгийн бага дүү нь гэртээ бусад нь гадаа тоглож байж. Тэр дүүгээ гаргаж аваад бусад дүү нараа хашааны хажууд зогсоож байгаад хэд, хэдэн удаа тоолсон гэнэ. Аравхан настай ч айлын том, ухаалаг Д.Халиунаа охин  тусламж дуудахаар явсан байна.

Өглөөнөөс үдэш хүртэл ажиллаж охидоо дутах зүйлгүй өсгөхөөр хичээж буй хөдөлмөрч залуу хос, зургаан охинд нь тохиосон хүндхэн явдалд олон хүн тусалж байна. Фэйсбүүкийн олон гишүүнтэй группуудын админууд тэдэнд зориулан хандивын аян эхлүүлжээ.

-ЗУУХНААС ӨӨР ЗҮЙЛ ҮЛДЭЛГҮЙ ШАТЧИХСАН БАЙСАН ГАЗРААС
ЗУРГИЙН ЦОМОГ ДОТОРХ ХУРИМЫН ЗУРАГНУУД, ГЭРЛЭЛТИЙН
БАТАЛГАА ШАТАЛГҮЙ ҮЛДСЭН БАЙСАН-

“Юу л болвол болог хүүхдүүд минь л эрүүл саруул байгаасай” гэж бодсон доо хэмээн хэлэх Б.Амарзаяатай тэдний амьдралын гэгээлэг сайхан түүхийг хуваалцлаа.

-Та бидэнд анх гэр бүл болсон түүхээ ярьж өгөөч?

-Бид хоёр 2008 оны өвөл мөсөн гулгуурын талбайд тоглож байгаад танилцсан. Нөхөр маань надаас ах байсан болохоор “Ах аа” гэсээр байгаад л аваад суучихсан даа. Анх гэр бүл болоод нийтийн байрнаас л амьдралаа эхэлж байсан даа. 2017 онд бид “ Мөрөөдлийн гүүр” нэвтрүүлэгт орж хуримаа хийсэн. Үгээр илэрхийлэмгүй сайхан өдөр байж билээ.

-Зургаан тэрсхэн охинтой, дээр нь ажил хийдэг гэхээр яаж амжуулдаг юм бэ?

-Манай 19 настай дүү бид хоёрыг ажилтай үед хүүхдүүдийг маань хардаг юм. Ээж минь хүүхдэд их хайртай хүн байсан. Санаа зоволтгүй ээж нь өсгөөд өгье гээд л. Амьд сэрүүндээ бидэнд их дэмтэй байсан. Охидоо дөрвөн сар хүргэж бор хоолонд оруулаад л ажилдаа ордог. Амьдралаа авч явахын тулд хамтдаа л зүтгэх хэрэгтэй гэж боддог юм. Анхны охиноо төрүүлчихээд гудамжинд оймс тирко зардаг байлаа. Нөхөр маань охиноо хүзүүн дээрээ суулгаад л хамтдаа явдаг байсан.

-Хэдэн настайдаа алдарт эхийн одон авсан бэ?

-Яг үнэндээ 28 настайдаа алдарт эхийн нэгдүгээр одон авах болзол хангасан. Эхний гурван охиноо төрүүлчихээд яажшуухан байснаа ч санадаггүй юм. Бодвол ээж минь л их тус болсон байх даа. Одонтой ээжүүд фэйсбүүк группд бараг хамгийн залуу нь би байсан болохоор хүмүүсээс жаахан иччихсэн. Дараа жилээс одонгоо авна гэж төлөвлөж байгаа. Нээрээ бас сонирхолтой нь Хоёрдугаар одонгоо дандаа цүнхэлж явдаг болохоор галд шатаагүй үлдсэн.

-Та өөрийнхөө сонирхдог зүйлийн талаар хуваалцаач?

-Би өмнө нь шүр, шигтгээгээр гар урлал их хийдэг байсан. Гэхдээ одоо долоо хоногт зургаан өдөр ажил хийгээд, хүүхдүүд гэрийн ажлаа хийж завгүй байхаар бараг өөрийгөө юу сонирхдогийг ч мартчих юм.

-Та гэр бүлийнхээ сайхан ирээдүйн төсөөллөө хэлээч?

-Одоохондоо бид ажлаад л амьдраад л байгаа болохоор байр, машины төлөө улайрмааргүй байна. Хамгийн гол хүүхдүүдийн боловсрол чухал гэж боддог. Хүүхдүүдээ сайн өсгөж чадвал цаашдын зүйлс болж бүтнэ гэж боддог.

-Хандиваар одоогоор хэдэн төгрөг цугларсан бэ?

-Монголоо Mongoloo групп, NB shop, одонтой ээжүүдийн групп гээд олон гишүүдтэй хэд хэдэн фейсбүүк группээс нийтдээ арав гаруй сая төгрөг цуглараад байна. Монголчууд үнэхээр сайхан сэтгэлтэй ард түмэн гэдгийг мэдэрч байна.

-Хандивын аян хэдий хүртэл үргэлжлэх вэ?

-Дөрөвдүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ. Цугларсан мөнгөөрөө өөрсдийн гэсэн газартай болох бодолтой байгаа. Одоо байгаа хашаа нь өөр хүний нэр дээр байдаг юм л даа.

Биднийг ийнхүү хэдэн үг ярилцаж байхад гэнэн цайлган харцтай охид нааш цааш сүлжилдэнэ. Тэд бүгд өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй. Оёдолчин, эмч, багш гээд л. Тэд гэр нь шатчихаад байгааг ч ойлгохгүй тийм л балчир насандаа яваа бяцхан зүрхнүүд. Хэн хэндээ хань болж өсөн торних зургаан охинтой залуу гэр бүлээс амьдралын төлөө гэсэн чин хүсэл нэвт мэдрэгдэж байлаа.