Хэсгийн ахлагч нарт олон нийтийн цагдаагийн эрх олгоно

Хэсгийн ахлагч нарт олон нийтийн цагдаагийн эрх олгоно

Нийслэлийн дүүрэг, хороодод 1630 орчим хэсгийн ахлагч ажилладаг. Тэднийг өнөөдрөөс Цагдаагийн ерөнхий газраас баталсан хуваарийн дагуу олон нийтийн цагдаагийн сургалтад суулган сургалтын дараа шалгалтад тэнцсэн хэсгийн ахлагч нарт олон нийтийн цагдаагийн эрх олгох юм байна.

Ингэснээр тэд Зөрчлийн хуулийн дагуу гудамж талбайд шүлс, нусаа ил задгай хаяж, зөвшөөрөгдөөгүй газар хогоо хаясан гэх мэт зөрчлүүдэд хялбаршуулсан журмаар иргэн, аж ахуйн нэгжид торгуулийн арга хэмжээ авах эрхтэй болох юм.

Энэ талаар нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Хотын соёл” аян Улаанбаатар хотын хэмжээнд өрнөж эхэлсэн. Уг аяныг гардан зохион байгуулах хүмүүс нь хороо, дүүргийн хэсгийн ахлагч нар юм. Хэсгийн ахлагчид энэ сарын 15-наас эхлэн Зөрчлийн тухай хуульд заасан тодорхой зүйл заалтаар торгох, хариуцлага тооцох эрхтэй болно. Тиймээс энэ хүмүүсийн шаардлагыг хүлээн авч биелүүлэхийг иргэд, олон нийтээсээ хүсэж байна” гэсэн юм.