Амралтын өдрүүдэд мотоциклийн ослоор хоёр иргэн нас баржээ

Амралтын өдрүүдэд мотоциклийн ослоор хоёр иргэн нас баржээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд мотоциклын ослын улмаас хоёр хүн, автомашинд мөргүүлж нэг хүн амиа алджээ.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 10-ны 23:55 минутын орчим Увс аймгийн Өмнөговь сумын II багийн нутаг дэвсгэр “Мөст” гэх газар шороон замд Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 34 настай, эрэгтэй Г-гийн амь нас хохирчээ.

Мөн 11-ний өдрийн 16:10 минутын орчим Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2-р багийн нутаг дэвсгэр “Хүхээгийн гол” гэх газар шороон замд Dayun маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 34 настай, эрэгтэй Э-гийн амь нас хохирсон байна.

Бямба гарагийн 20 цаг 50 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Эмээлтийн замд Toyota Prius маркийн Э жолоочтой автомашин явган зорчигч 53 настай, эмэгтэй Я-г мөргөж, амь насыг нь хохироосон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 341 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 217-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэжээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтжээ.

Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 3 зөрчил бүртгэсэн гэж ТЦА-наас мэдээллээ.