Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын шинэ жилийн мэдчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.
Тэрээр “Эрхэм хүндэт Монгол Улсын иргэд ээ, Элэг нэгтэй Монгол ахан дүүс ээ. Та бүхэнд шинэ оны баярын мэндийг өргөн дэвшүүлье .Улаан залаат хөх Монголчууд бид 54 мянган нялх үрсээр ам бүлээ нэмж, нийт 3 сая 500 мянгуулаа шинэ онтойгоо золгож байна. Улирч байгаа 2025 он амжилт бүтээлээр дүүрэн, Монголын хүчирхэг оюун санаа сэргэсэн шинэ итгэлийн жил болж түүхэнд мөнхөрч байна. Оюун ухаан, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээрээ Монгол эх орныхоо нэрийг дэлхий дахин гаргасан хүүхэд залуучууд, эрдэмтэн судлаачид, урлаг соёл, спортын алдартнууддаа Монгол Улсын ЗГ-ын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхэн Монголын хүчирхэг оюун санаа сэргэж, хүчирхэгжиж байгааг тод томруунаар харуулж чадлаа. Улирч буй 2025 он амжилт бүтээл, алдаа оноогоо дэнсэлсэн ухаарал, хариуцлага, итгэлийн жил байлаа. Дэлхий дахины геополитик, улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал, хямрал зөрчилдөөн гүнзгийрсэн энэ цаг үед Монголчууд бид хариуцлагатай бодлого, эв нэгдэл, эрс шинэтгэлээр хамтдаа урагшилж чадлаа. Засгийн газар бүсээ чангалж, төрийн алба төрийн данхар бүтцийг цэгцэлж улсын төсвийн үргүй зардлыг 2.2 их наяд төгрөгөөр танаж үр ашиггүй зардлыг хэмнэснээр валютын ханш, үнийн өсөлтийг хазаарлаж чадлаа. Эдийн засгийн өсөлт 2025 оны эхэнд 2.6 хувь болж буурч, унаж байсан бол оны эцэст 6-аас дээш хувиар өсч нэг хүнд ногдох ДНБ 7100 ам.долларт хүрч яг өнөөдрийн байдлаар гадаад валютын улсын нөөц түүхэн дээд хэмжээнд буюу 7 тэрбум долларт хүрээд байна. Монгол Улсын зээлжих зэрэглэл 13 жилийн дараа хамгийн өндөр түвшинд хүрч, дэлхий нийтийн Монгол Улсад итгэх итгэл эрс сэргэсэн. Мөн МАА, хүнсний салбар сэргэж, буянт мал сүргийн тоо 58 саяыг давлаа. Түүнчлэн манай сайхан эх оронд зочлон ирсэн жуулчдын тоо анх удаа 800 мянгыг давж, 700 сая ам.долларын орлого оллоо. Баялгийн өгөөжийг ард түмэндээ авчрах төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээрийг эрчимжүүлж үндэсний баялгийн санг арвижуулах бодит төлөвлөгөө гарган хэрэгжүүлэн ажиллаж байна . Нүүрсний 581 гэрээг ил болгож, авлига албан Тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэн 160 гаруй тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж 85 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж, баялгийн хулгайтай хийж буй хууль, шударга ёсны тэмцэл амжилттай үргэлжилж байна. Засгийн газар баялагтаа Эзэн Монгол зарчмыг үгээр бус бодит үр дүнгээр нотолж, Төгрөг нуур, Төмөртэйн овоо зэрэг алдагдсан ордуудыг төрдөө буцааж авлаа. Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөөг Засгийн газраас батлан хэрэгжүүлж эхэллээ. Энэ ажлын хүрээнд стратегийн ордууд болон олон овоод Бор тээгийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хүүхэд, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ үр өгөөжийг нь бодитойгоор хүртээнэ . ЗГ иргэдээ хуурч бодит байдлыг гуйвуулж бодохгүй ээ. Мөн гарч байгаа ахиц дэвшлийг үгүйсгэж, итгэл найдварыг нь мохоохгүй харин үнэнтэй нүүр тулж асуудлаа хамтдаа даван туулах нь төр иргэдийн итгэлцлийн үндэс юм.. Эрхэм хүндэт ард иргэд ээ, ирж байгаа 2026 он бол шинэ итгэл эрс шинэтгэлийн бодит өөрчлөлтийн жил байх учиртай. Үндэсний баялгийн сангийн өгөөжийг иргэн бүрд шударгаар хүртээж, баялгийн болон нүүрсний хулгайтай хийж байгаа тэмцлээ эрчимжүүлж, ТӨК-удын засаглалыг ил тод хариуцлагатай болгоно. Хүний хөгжил бол Монголын хөгжлийн түлхүүр юм. Тиймээс ирэх онд боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалинг үе шаттайгаар 75 хувиар нэмэгдүүлж 2,8 сая төгрөгт хүргэнэ. Төр хувийн хэвшилдээ итгэж хөдөлмөрлөж буй иргэн бүрээ дэмжинэ. Иргэд, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн нуруун дээрх татварын ачааллыг 2.6 их наяд төгрөгөөр бууруулж нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 2.5 дахин нэмэгдүүлэх Татварын багц хуулийг өргөн бариад байна. 2026 он бол бүтээн байгуулалт шинэ зах зээлийн жил байх болно . Зэс, гангийн үйлдвэрүүдийн бүтээн байгуулалт бодитойгоор эхэлж, Монголын 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн Евроазийн 200 сая хүний зах зээлд нэвтрэх түүхэн эхлэл тавигдана. Эрхэм хүндэт ард иргэд ээ, Их эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын 820 жилийн түүхэн ой тохиох 2026 он бол бидний эв нэгдэл, ухамсар, ирээдүйн зорилгоо дахин тунгаах онцгой жил байх болно. Монголчууд бид амны бэлгээс ашдын бэлгээ гэдэг. Ард түмэн итгэлтэй байж хөдөлмөрлөж эвийг дэмжвэл Монгол Улсын ирээдүй гэрэл гэгээтэй байна. Он солигдох энэ сайхан мөчид эх орныхоо аюулгүй байдлыг сахин хамгаалж буй хилчид, зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдлын албан хаагчид иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө зүтгэж буй эмч, сувилагчид, багш сурган хүмүүжүүлэгчид, төрийн албан хаагчид, баялаг бүтээгчид та бүхэндээ тусгайлан баяр хүргэж гүн талархал илэрхийлье. Ирж буй 2026 он айл өрх бүрд аз жаргал, эв нэгдэл, элбэг хангалуун амьдралыг авчирна гэдэгт итгэлтэй байна. Улсын минь цог хийморь бадарч, иргэн бүрийн итгэл сэргэх өлзийтэй сайхан жил байх болтугай. Шинэ оны шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье” гэлээ.
ВИДЕО: