Ч.Чинбат: Г.Загдаад холбогдох хүчингийн хэргийн нотлох баримт бий

Ч.Чинбат: Г.Загдаад холбогдох хүчингийн хэргийн нотлох баримт бий

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг баривчилсантай холбоотойгоор ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. ЦЕГ-аас 2019-2020 онд Г.Загдаад холбогдуулан, түүний үйлдсэн гэх гэмт хэрэг зөрчлийн шинжтэй таван үйлдлийг шалгасан байна. Үүнд, хууль сахиулагчийг эсэргүүцэх, бусдын биед хөнгөн хохирол учруулах мөн хүчиндэх гэсэн гэмт хэргүүдэд холбогдуулан шалгаж байгаа аж.

Эдгээр хэргийн зарим нь мөрдөн байцаалтын шатандаа байгаа бол зарим нь шийдэгдсэн байна. Тухайлбал, иргэн Г.Загдаа иргэн М, Б нарыг зодож, хөнгөн гэмтэл учруулсан хэргийн мөрдөн байцаалт дуусч, дүүргийн прокурорын шүүхэд шилжүүлээд байгаа юм байна.

Энэ үеэр ЦЕГ-ын Зөрчил шалгах, Мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат “Цахим орчинд бусдыг доромжилж, дээрэлхсэн зүйлийг нийтэлж, уриалж байгаа нь нийгмийн хэв журмыг гажуудуулж буй хууль бус зүйл.

Холбогдох хэргийг бид шалгаж байна. Мөн иргэн Х, Г.Загдаад хүчиндүүлсэн гэж мэдэгдсэн. Энэ гомдлын мөрөөр цагдаагийн байгууллага баривчлах бүрэн эрхтэй. Үүний дагуу баривчилсан. Нотлох баримт байгаа. Хэрвээ Г.Загдаагийн хүчингийн хэрэг тогтоогдвол хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх юм” гэлээ.

Нийслэлийн харьяа халамж үйлчилгээний хэлтсүүдээс 2003 оноос эхлэн “Зөв амьдрах ухаан ТББ”-д 695 сая төгрөг олгосон гэх мэдээлэл байдаг. Энэ мэт ТББ-уудыг цэгцлэхгүй бол хүссэн хүн бүр төрийн албан хаагчийг хөөж, тууж байна хэмээн мэдээлсэн юм. Мөн эл асуудлыг баримтжуулах, нотлох баримтуудыг цуглуулж байгаа гэлээ. Цагдаагийн байгууллагаас асруулагчийнхаа эрхийг зөрчсөн бол тус байгууллагын гэрчилгээг хүчингүй болгодог хэмээн мэдэгдлээ.