Өнөөдөр /2025.12.30/ хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн тухай хуулийн 13.14 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулиар иргэнд олгогдсон үгээ хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл хайх, хүлээн авах эрх, эрх чөлөөг хязгаарлаж байна гэж үзсэн Үндсэн хуулийн Цэцийн 10 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн авах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Ингэснээр "Худал мэдээлэл тараах" гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий гэж болох заалт хүчингүй болж, хуулийг илүү боловсронгуй болох үүрэг УИХ-д ирж байна.
Тодруулбал, Үндсэн хуулийн Цэцийн 10 дугаар дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо дэмжээгүй ч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цэцийн дүгнэлтийг хүлээн авсан юм. Энэ үеэр иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалсан байр суурийг УИХ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн А.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан, Х.Тэмүүжин, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Б.Жаргалан нар илэрхийлж байлаа.