Ардчилсан Намын Хэрэг эрхлэх газраас долоо хоног бүрийн лхагва гарагт “POLICY TALKS” лекц, хэлэлцүүлгийг зохион байгуулдаг. Энэ удаагийн лекц хэлэлцүүлгийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойг тохиолдуулан “Тусгаар тогтнолын үнэ цэн” сэдвийн хүрээнд Төрийн соёрхолт, түүхч доктор О.Батсайханыг урин авч ирж илтгэл хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хэлэлцүүлгийн эхэнд Ардчилсан Намын дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн намын гишүүд, дэмжигчдэдээ Монгол Улсын тусгаар тогтнолын түүхэн сэргэлтийг зарласан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 114 жилийн ойн мэндийг дэвшүүлээд, “1911 онд Монголчууд тусгаар тогтнолоо сэргээж Манжийн дарлалаас чөлөөлөгдөхийг зорьсон бол 1990 онд Кремлээс удирддаг дагуул улсаас жинхэнэ эрх чөлөөт Ардчилсан Монгол Улсыг байгуулж нэг намын дарангуйллаас чөлөөлөгдөхийг зорьсон үйл явдал байсан. Ардчилсан хувьсгал ялснаар монголчууд үндэс юугаа хамгаалсан, шашин соёлын эрх чөлөөгөө сэргээсэн өмчийн эрхийг баталгаажуулсан, Монгол хүн өөрийн сонголтоор амьдрах эрхийг бий болгосон зэрэг явдал нь тэртээх Богд хаант Монгол Улсын үндэсний тусгаар тогтнол бие даасан бодлого үндэсний соёл шашин хийгээд уламжлалаа хамгаалах үзэл санааны үр хөврөлийн биелэл нь байсан” хэмээн ярилаа.
Дараа нь Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн мэндийг хүргээд, Ардчилсан Нам үзэл баримтлал, намынхаа хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөртөө бид уламжлал, өв соёлоо дээдэлж олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үүрэг хүлээсэн. Монголын тусгаар тогтнолын түүхэн сэргэлтийг зарласан 12 дугаар сарын 29-ний өдрийг Монголын ард түмэн бүгд мэддэг байх учиртай" хэмээв.
Харин Төрийн соёрхолт, түүхч доктор О.Батсайхан “Тусгаар тогтнолын үнэ цэн” сэдэвт үндсэн илтгэлдээ “Богд хааны шар ордон 80 жилийн өмнө монголчууд сэрж, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө сэргээн мандуулж Улсын эзэн хаанаар Бурханы шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтыг өргөмжилсөн яг тэр газар Ардчилсан холбооны гишүүдийн нууц хурал болж, эндээс 1990 оны Ардчилсан хувьсгалын цуурай хадаж байлаа. Монголчууд цагаан морин жилийн дуудлагаар босож, өвлийн идэр есийн хүйтнийг үл ажран нэг намын дарангуйллыг тусдан хаяж,Монгол Улсад ардчиллын салхийг татуулж билээ. Энэ бол Монголд ардчилал, хүний эрхийг дээдлэх, нэг намын дарангуйллаас ангижирч олон намын нэгдсэн систем бий болох суурийг тавьсан. Эдүгээ Монгол хүн бүр 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнг хүртэж байгаа” гэдгийг онцлов.