Фабрисио Андраде: Б.Энх-Оргилоо, би чамтай дахин тулалдахыг хүсэж байна. Өөрийгөө шилдэг гэж бодож байвал надад дахин тулалдах боломж олгох ёстой

Фабрисио Андраде: Б.Энх-Оргилоо, би чамтай дахин тулалдахыг хүсэж байна. Өөрийгөө шилдэг гэж бодож байвал надад дахин тулалдах боломж олгох ёстой

Азийн холимог тулааны хамгийн том холбоо "ONE Championship"-ийн 65.8 кг-ын жингийн аваргын бүсний төлөө манай улсын холимог тулаанч Б.Энх-Оргил Бразилын тамирчин Фабрисио Андрадетай тулалдаж, ялалт байгуулсан билээ.

Энэ баяр үйл явдал ердөө 21 хоногийн өмнө болсон. Харин тус тулаанд ялагдсан Бразил улсын тамирчин Фабрисио Андраде дахин тулалдах хүсэлтэй Б.Энх-Оргилд тавьсаар байгаа билээ. Тэгвэл энэ удаа бид Бразил улсын тамирчин Фабрисио Андрадетай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

ВИДЕО:

"Б.ЭНХ-ОРГИЛ МОНГОЛЧУУД ОНЦГОЙ, ЖИНХЭНЭ ДАЙЧИД ГЭДГИЙГ НАДАД ХАРУУЛСАН"

-Юуны өмнө ярилцлага хийх хүсэлтийг маань зөвшөөрсөнд маш их баярлалаа. Хоёулаа өнгөрсөн 12 сарын 6-нд болсон тулааны талаар ярилцлагаа эхэлье. Б.Энх-Оргилтой тулалдах ямар байсан байв?

-Надад та бүхэнтэй ярилцах үнэхээр таатай байна. Монголын хөгжөөн дэмжигчдээс маш олон мессеж ирсэн бөгөөд энэ тулааны талаар бага ч болов ярилцах боломж олдсонд  баяртай байна. Тулаан үнэхээр гайхалтай болсон. Би түүнийг маш хүчтэй өрсөлдөгч байна гэж урьдчилан таамаглаж байсан. Тулааны эхэнд би түүнийг хоёр удаа унагаасан. Ер нь бол би ихэнх өрсөлдөгчдөө маш хурдан ялдаг хүн. Тиймээс тэр дахин босож ирэхэд нь үнэхээр их гайхсан. Энэ бол миний өмнө нь хэзээ ч харж байгаагүй зүйл байсан. Тэр өдөр тэр үнэхээр нэг зүйлийг харуулсан. Монголчууд бол онцгой хүмүүс, жинхэнэ дайчид юм.

-Б.Энх-Оргил таны тохойн цохилтыг харж амжаагүй гэж хэлж байсан. Танд харж амжаагүй тийм хүнд цохилт байсан уу?

-Тийм ээ, тэр тулаанд би олон зүйлийг харуулахыг зорьсон. Тохойн цохилт бол миний урьдчилан төлөвлөсөн стратегийн нэг байсан. Учир нь тэр клинч хийж ойртохыг хичээнэ гэдгийг би мэдэж байсан. Тиймээс би түүнийг гэнэтийн байдлаар цочроохын тулд тохойн техникт маш их анхаарч, шаргуу бэлтгэл хийсэн.

"Б.ЭНХ-ОРГИЛ НАДАД АНХНЫ ЯДАГДАЛЫГ ӨГСӨН"

-Таны ялагдал танай эхнэрт яаж тусав?

- Эхнэр маань тулааны дараа маш их сандарсан. Тэр надад үнэхээр их санаа зовж байсан. Харин би зүгээр байсан. Тулаан дуусмагц л би түүнийг тайвшруулж, “Бүх зүйл сайн байна, санаа зовох хэрэггүй. Энэ бол спортын нэг хэсэг” гэж хэлсэн. Өмнө нь би олон хүнийг ялж, янз бүрийн аргаар нокаутад оруулж байсан. Тэр үед тэд гуниглах ёстой болдог, тэдний гэр бүл ч бас сэтгэлээр унадаг. Харин энэ удаа миний ээлж байсан. Тиймээс энэ бүхэн спортын салшгүй хэсэг гэж би боддог. Энэ тулаан надад асар их урам зориг өгсөн. Одоо би урьд өмнөхөөсөө ч илүү ялалтад шунаж, илүү их хүсэл тэмүүлэлтэй болсон. Өмнө нь жиндээ тийм ч том сорилт мэдэрдэггүй байсан бол одоо би өөр түвшний сорилттой нүүр тулж байна. Надад заавал ялж, давж гарах ёстой нэг өрсөлдөгч бий.

Б.Энх-Оргил надад "One Championship"-д MMA-ийн замналын маань анхны ялагдлыг өгсөн. Түүнээс өмнө би 3One Championship"-д MMA тулаанд хэзээ ч ялагдаж байгаагүй. Одоо тэр надад анхны ялагдлыг амсуулсан учраас би бүр ч их өлсөж байна. Би тэр ялагдлыг буцааж авахыг хүсэж байна. Дараагийн удаа би түүнийг заавал ялна.

"БИ ОЛОН ЖИЛИЙН ТУРШ АВАРГА БАЙСАН УЧИР НАДАД ХОЁР ДАХЬ БОЛОМЖ АВАХ ЭРХ БИЙ"

-Та Б.Энх-Оргилтой дахин тулалдах хүсэлтэй тавьсаар байна. Та жаахан хүлээж болохгүй байгаа юм уу?

-Өмнө нь хэлсэнчлэн, би өмнө нь огт ялагдаж байгаагүй. Намайг сорих тодорхой өрсөлдөгч цөөн байсан учраас л би түүнтэй тулалдах болсон. Тэр тухайн үед чансааны дөрөвдүгээр байранд байсан бөгөөд тодорхой номер нэг өрсөлдөгч байгаагүй учраас би түүний эсрэг тулааныг хүлээн зөвшөөрсөн. Би бусад бүх өрсөлдөгчдөө аль хэдийн ялсан байсан. Харин энэ удаа тэр надад анхны ялагдлыг амсууллаа. Тиймээс би тэр ялагдлыг заавал буцааж авах ёстой гэж бодож байна. Тэр дараагийн түвшин, дараагийн шат руу ахихыг хүсэж байгаа гэдгийг би мэднэ. Гэхдээ энэ жинд тулааны хуваарь маш их ачаалалтай байгаа тул тэр тулааныг удаан хүлээх хэрэгтэй болно. Тиймээс тэр хугацаанд надтай дахин тулалдаж, өөрийгөө надаас илүү гэдгээ батлах боломж түүнд хангалттай бий гэж би бодож байна. Би олон жилийн турш аварга байсан хүн. Тиймээс хоёр дахь боломж авах эрх надад бий гэж үзэж байна. Мөн дахин тулах үедээ би анхны тулаанаас илүү сайн тулалдаж чадна гэдэгтээ чин сэтгэлээсээ итгэж байна.

"ХҮНИЙХЭЭ ХУВЬД БИ ТҮҮНИЙ БҮТЭЭЖ БУЙ ТҮҮХ, ХҮРЧ БУЙ БҮХ АМЖИЛТАД БАЯРТАЙ БАЙНА"

- Б.Энх-Оргил таны дахин тулалдах хүсэлтэд ямар нэг хариу өгсөн үү?

- Үгүй ээ, тэр надад ямар нэг хариу өгсөнгүй. Миний бодлоор Б.Энх-Оргил маргаан, хэрүүлд дуртай хүн биш. Тулааны өмнө тэр маш хүндэтгэлтэй хандсан, би ч мөн адил түүнд хүндэтгэлтэй байсан. Тулааны дараа ч тэр намайг Монголд ирэхийг урьсан. Би түүнд үнэхээр их хүндэтгэлтэй ханддаг, үнэндээ түүний төлөө чин сэтгэлээсээ баярласан. Нэг талаас би бүсээ алдсандаа гунигласан нь мэдээж. Харин нөгөө талаас, түүний бүтээж буй түүхийн төлөө би баяртай байсан. Тэр Монголын хоёр дахь аварга боллоо. Одоо 36 настай, маш гайхалтай жилийг туулсан. Баримтат кино, Netflix-ийн төслүүдэд оролцож, улмаар аварга болсон нь үнэхээр онцгой амжилт юм. Хүнийхээ хувьд би түүний бүтээж буй түүх, хүрч буй бүх амжилтад нь баяртай байна. Гэхдээ нөгөө талаас би өөрөө хамгийн шилдэг нь байхыг хүсэж байна. Одоогийн байдлаар хамгийн шилдэг нь тэр. Тиймээс би эргэн ирж, дахин хамгийн шилдэг нь болохын тулд түүнийг заавал ялах хэрэгтэй.

"МОНГОЛЫН АРД ТҮМЭН СПОРТОД ҮНЭХЭЭР ХАЙРТАЙ, ЖИНХЭНЭ СПОРТЫН ЁС ЗҮЙТЭЙ ХҮМҮҮС ЮМ"

-Таны даагаа нэхэх тулаан Монголд болоосой гэж зарим хүмүүс хүсэж байна. Хэрэв тэр тулаан Монголд болбол та Монголын ард түмний өмнө Б.Энх-Оргилын шүтэн бишрэгч нарын өмнө тулалдахад бэлэн үү?

-Миний бодлоор Монголын ард түмэн түүнийг маш их дэмжинэ. Монголчууд үнэхээр дэмжлэг сайтай, спортод хайртай хүмүүс. Би сүүлийн үед сөрөг сэтгэгдэл ч авч байгаа, гэхдээ энэ тулааныг үзэхийг хүссэн олон эерэг сэтгэгдэл ч бас маш их ирж байна. Эндээс харахад Монголын ард түмэн спортод үнэхээр хайртай, жинхэнэ спортын ёс зүйтэй хүмүүс юм гэж би мэдэрсэн. Тиймээс ийм спортыг хайрладаг улсад тулалдах нь миний хувьд жинхэнэ нэр төрийн хэрэг гэж боддог. Мэдээж тэр өөрийн нутагтаа, өөрийн ард түмний дунд тулалдах тул ихээхэн давуу талтай байна. Бараг бүх хүн түүнийг дэмжих нь ойлгомжтой. Гэхдээ би ямар ч байсан очоод, өөрийн боломжоо ашиглаж, өөрийн тулаанаа хийж чадна гэдэгт итгэлтэй байна.

"НАМАЙГ МОНГОЛД ИРЭХИЙГ УРЬСАН БИ ЗААВАЛ ОЧНО ГЭДГЭЭ АМЛАЖ БАЙНА"

- Та Монголын шүтэн бишрэгч нартаа зориулж Фейсбүүк нээсэн байна. Монголд ирэх хүсэлтэй байна гэсэн. Хэзээ Монголд хэзээ ирэх бодолтой байна.

-Би үнэхээр Монголд очихыг маш их хүсэж байна. Сүүлийн хоёр хоногт надад маш олон шинэ дагагч нэмэгдэж, олон хүн надад сайхан үгтэй мессеж илгээсэн. Энэ бүхэн надад маш сайхан мэдрэмж төрүүлж байна. Учир нь хүмүүс миний хийж буй хөдөлмөр, хичээл зүтгэлийг хүндэтгэж байгаагийн илэрхийлэл гэж би ойлгож байна.Би бүр эхнэртээ ч “Монголд очмоор байна” гэж хэлсэн. Гэхдээ одоогоор эхнэр маань жирэмсэн байгаа тул би хэсэг хугацаанд эндээ байх хэрэгтэй байна. Гэсэн ч би ойрын хугацаанд Монголд очно гэж чин сэтгэлээсээ найдаж байна. Намайг Монголд ирэхийг урьсан. Тиймээс эрт орой хэзээ нэгэн цагт энэ заавал биелнэ. Би Монголд очно, амлаж байна.

-Монгол улсын талаар хэр их мэдэх вэ?

-Үнэнийг хэлэхэд, тулааны өмнө би Монголын талаар тийм ч их мэддэггүй байсан. Харин дараа нь би маш их судалж, одоо бол илүү гүн ойлголттой болсон. Ингээд би Монголын ард түмэн бол жинхэнэ дайчин үндэстэн, дайчдын цус, өв уламжлалтай улс гэдгийг ойлгосон. Одоо би Энх-Оргил яагаад тийм тэсвэртэй, тийм хатуу ширүүн байсныг бүрэн ойлгож байна. Учир нь тэр энэ дайчин цусыг өөртөө тээж явдаг хүн. Энэ бол заавал хүндэтгэх ёстой зүйл гэж би боддог. Тиймээс би Монголын ард түмэн, тэдний түүх, соёлыг үнэхээр их хүндэлдэг. Яг үүний улмаас би өмнөхөөсөө ч илүү шаргуу бэлтгэл хийж, бие бялдар болон сэтгэлзүйн хувьд бүрэн бэлтгэгдсэн байж, дахин тулах тулаанд орно. Учир нь би дараагийн удаад тэр илүү хүчтэй, илүү хатуу өрсөлдөгч болно гэдгийг сайн мэдэж байна.

- Та манай сайтаар дамжуулан Б.Энх-Оргилд юу гэж хэлэхийг хүсэж байна. Түүнийг тулаанд дуудсан ч болно шүү дээ.

- Миний давуу тал бол би түүнийг чин сэтгэлээсээ хүндэлдэгт оршдог. Би чамайг үнэхээр хүндэлдэг, мөн чиний бүтээж буй түүх, хийж буй бүхэнд чин сэтгэлээсээ баяртай байдаг. Чи Монголын хоёр дахь дэлхийн аварга болж чадсанд чинь би үнэхээр баяртай байна. Гэхдээ тэр тулаанд би өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг гаргаж чадсангүй гэж боддог. Би тэр орой харуулснаасаа илүү сайн тамирчин. Тиймээс би чамтай дахин тулалдахыг хүсэж байна. Хэрэв чи өөрийгөө үнэхээр хамгийн шилдэг нь гэж бодож байгаа бол, надад дахин тулалдах боломж олгох ёстой гэж би үзэж байна. Тэгээд бид хэн нь жинхэнэ хамгийн шилдэг бантам жингийн тамирчин болохыг үнэхээр харуулна.

-Тулааны талаар эргэж нэг зүйлийг тодруулъя. Б.Энх-Оргил хамгийн их хохирол амссан тулаан байлаа гэж байсан. Таны хувьд ямар байсан бол?

Тулааны дараа надад ямар нэгэн гэмтэл бэртэл байгаагүй, би зүгээр байсан. Би түүнийг эмнэлэгт харсан, тэр алхаж ч чадахгүй байсан, харин би асуудалгүй байлаа.

Намайг үнэхээр гайхшируулсан ганц зүйл нь зүсэлт байсан. Учир нь би амьдралдаа өмнө нь хэзээ ч ингэж зүсэгдэж байгаагүй. Би өмнө нь UFC-д тулалдсан, маш хатуу, маш хүчтэй өрсөлдөгч Жон Линекертэй тулалдаж байсан. Тэр намайг олон удаа онож цохисон ч хэзээ ч зүсэж чадаагүй. Би түүнтэй хоёр удаа тулалдахдаа ч огт зүсэлт авч байгаагүй. Харин Энх-Оргил миний хоёр нүдийг хоёуланд нь зүсэж чадсан.

Энэ нь түүний стратегийн нэг хэсэг байсан эсэхийг би мэдэхгүй ч, ямар ч байсан тэр үүнийг хийж чадсан. Одоо ч гэсэн бага зэрэг сорви үлдсэн байгаа нь намайг үнэхээр гайхшируулсан. Тулааны хувьд надад хамгийн их гайхал төрүүлсэн зүйл нь ердөө энэ л байсан. Үүнээс бусад бүх талаараа миний биеийн байдал сайн байсан, одоо ч бүрэн эрүүл байна. Би аль хэдийн бэлтгэлдээ эргэн орсон, ямар ч үед дахин тулалдахад бэлэн байна.

-Та аваргын бүсээ хэдэн жил хамгаалсан бэ. Энэ таны хувьд хэр их үнэ цэнтэй зүйл вэ?

- Би анх 2022 онд дэлхийн аваргын бүсний төлөө тулалдсан. Тэр тулаан no contest буюу хүчин төгөлдөр бус гэж шийдэгдэж, бүс эзгүй болсон.Үүний дараа 2023 оны хоёрдугаар сард би Жон Линекертэй тулалдаж, ялалт байгуулснаар дэлхийн аварга болж өргөмжлөгдсөн. Ийнхүү би 2023 оноос албан ёсоор аварга болсон. Мөн 2024 онд бүсээ амжилттай хамгаалсан. Тиймээс би 2023 оноос хойш дэлхийн аваргын бүсийг эзэмшиж ирсэн гэсэн үг.

-Ярилцлага маань энд хүрээд өндөрлөж байна. Та ярилцлагын төгсгөлд юу хэлэхийг хүсэж байна вэ?

-Юуны өмнө та бүхэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Монголын хөгжөөн дэмжигчид үнэхээр гайхалтай байна. Маш олон хүн миний Facebook хуудсанд орж, намайг дагаж, дэмжиж байгаагаа илэрхийлж, сайхан үгтэй мессежнүүд илгээж байна.Мэдээж зарим хүмүүс надад жаахан ууртай байгааг би ойлгож байна. Гэхдээ би өөрийгөө төгс хүн гэж хэзээ ч боддоггүй. Надад Энх-Оргилтой холбоотойгоор ч, Монгол улс, Монголын ард түмэнтэй холбоотойгоор ч зөвхөн хүндэтгэл л бий. Намайг дэмжиж байгаа бүх хүнд би үнэхээр их талархаж байна.Дахин тулах тулааныг та бүхэн дэмжиж, үзнэ гэж найдаж байна. Би та бүхэнд дахин нэг удаа баярлалаа гэж хэлмээр байна. Ойрын хугацаанд Монголд очно, амлаж байна. Баярлалаа.

 




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө