Ж.Бямбадорж: Миний гөлөг гэж хэлсэн үгэн дээр дөрөөлж байна

Ж.Бямбадорж: Миний гөлөг гэж хэлсэн үгэн дээр дөрөөлж байна

Өнгөрсөн долоо хоногт "Зөв амьдрах ухаан" ТББ-д амьдарч байсан Д.Халиун гэх бүсгүй хэвлэлийн бага хурал хийн, Г.Загдаагийн талаар баримт дэлгэсэн. Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор Г.Загдааг баривчлан, 461 дүгээр хорих ангид түр саатуулаад байна. Энэ талаар Хүний эрхийн үндэсний комиссийн дарга Ж.Бямбадоржоос авсан тодруулгыг хүргэж байна.

ХЭҮК-ийн дарга Б.Бямбадорж: Бидэнд "Зөв амьдрах ухаан" ТББ-ын талаарх олон мэдээлэл бий. Г.Загдаагийн явуулж байгаа үйл ажиллагаанд зөв юм их бий. Тэнд гэр оронгүй тэнэмэл, архины хамааралтай хүмүүсийг байлгаж, хооллож, хувцаслаж, зохих хэмжээний ажил хөдөлмөр эрхлүүлж байгаа нь нэг талаараа зөв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч бас тэнд очиж танилцаж байсан. 

Гэвч сүүлийн үед Г.Загдаагийн талаарх гомдол тасархаа байсан. Сүүлдээ Г.Загдаагийн ТББ руу манай ажилтнууд нэвтэрч чадаагүй. Бид байтугай төрийн байгууллагынхан ч нэвтрэхэд бэрх газар байна лээ.

Нүд ам нь хөх болсон нэг эмэгтэй бидэнд хандан, манай ажилтантай уулзсан. Гэвч Загдаагийн эхнэр манай ажилтныг загнан хөөсөн. Удалгүй өргөдлөө буцаасан. Тэр эмэгтэй хүний эрхэнд байсан учраас өргөдлөө буцаасан болов уу.  Бид энэ ТББ-ы талаар хуулийн байгууллагуудад хандсан боловч прокуророос олон сар өнгөрсөн хойно “Иргэн Г.Загдаад хэрэг үүсгэх үндэслэл бүрдээгүй” гэж хариу өгсөн.

Тэд төрийн байгууллагуудаас нийт 833 сая төгрөг авсан баримт бий.

Г.Загдаатай утсаар ярьсан бичлэгтэй холбогдуулан намайг их дарамталж байна. Би түүнд “Чи хүнтэй зөв харьц. Хүнтэй арслан бар шиг харьцах юм” гэж хэлсэн. Бичлэгээс тэр хэсгийг хассан байна лээ. Архины хамааралтай иргэд янз бүрийн л ааш араншинтай байдаг байх. Би үүнийг ойлгож байна. Гэтэл миний гөлөг гэж хэлсэн үгэн дээр дөрөөлж байна. Бид 40 орчим минут ярилцсан. Г.Загдаа байнга над руу ярьдаг. Түүнд өгсөн миний зөвлөгөөг ч хассан байсан” гэв.