УИХ нь олон орны парламенттай хамтын ажиллагаатай ажилладаг. Тухайлбал, Монгол Улс дахь Монгол-Малайзын парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир ажилладаг байна.
Гэтэл УИХ-ын гишүүн Х.Баттулга түүнээс уг ажлыг нь гуйж авч байгаа аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир " Би энэ ажлаа өгч байгаа. Учир нь Х.Баттулга гишүүн надад санал тавьсан. Тэрбээр "Малайз улстай бизнесийн хамтын ажиллагаатай, хамтран ажиллагсад олон байдаг. Тиймээс Малайзын бүлгийн даргын ажлаа өгчхөөч. Би Японы бүлгийн дэд даргын ажил хийдэг. Хоёулаа сольчих уу" гэсэн. Тэгэхээр нь би "Тэгье өө, тэгье" гэсэн. Хүсэлтээ өгсөн. УИХ-ын дэд дарга шийдэх байх. Гишүүд аль бүлгийн гишүүн байх, парламентын бүлэгт орохоо өөрсдөө шийддэг" гэж ярьжээ.
УИХ-ын гишүүн Х.Баттулга нь 2024 оны УИХ-ын сонгуулиар Хөвсгөл, Булган, Орхоны иргэдийг төлөөлөн УИХ-д сонгогдсон. Гэвч тэрбээр өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд УИХ-ын чуулгандаа цөөн тоотой л оролцсон. Тодруулбал, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр тэрбээр Төрийн ордонд ирж лобби хийснээс гадна улс төрийн эвгүй нөхцөл байдлыг харж байгаад хэвлэлээр ярилцлага өгдөг. Чуулганы хуралдааныг тасалсан гэх үндэслэлээр УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооноос түүний цалинг нь хасах арга хэмжээг авсан байдаг. Гэсэн ч тэрбээр чуулганы хуралдаандаа оролцохгүй л байгаа юм. Тэрбээр өнгөрсөн хугацаанд улс төрийг өөрийн бизнестээ ашиглаж ирсэн гэх шүүмж байдаг. Энэ удаад ч Монгол-Малайзын бүлгийн даргын ажлыг бизнестээ ашиглах гэж буй нь тодорхой байгаа аж. Улс төрийг бизнестээ ашигладаг, сонгогчдоо төлөөлж чуулганы хуралдаа ч суудаггүй Х.Баттулга өөрт ашигтай үед Төрийн ордонд ирэхээс гадна боломжийг өөрийнхөө бизнест ашигладаг нэг жишээ энэ юм.