Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.25) үдээс хойшхи хуралдаанаар “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг чуулганд оролцсон гишүүдийн 54,8 хувь нь дэмжлээ.

-Төрийн өмчит компаниудыг хувьчлах, өөрчлөн байгуулах чиглэлээр УИХ-аас ажлын хэсэг байгуулж, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн батлана гэдгийг УИХ-ын дарга Н.Учрал хэллээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

-Төрийн өмчит “Монголын цахилгаан холбоо” ХК; “Хөдөө аж ахуйн бирж” ХХК; “Үндэсний давхар даатгал” ХК; “Монголын хөрөнгийн бирж” ХК; “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК; “Шивээ овоо” ХК; “Багануур” ХК; “МИАТ” ТӨХК; “Төрийн банк” ХК; “Эрдэнэс Тавантолгой” ХК; “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ; “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ; “Дулааны III цахилгаан станц” ХК; “Дулааны IV цахилгаан станц” ХК; “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК; “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК; “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК; “Амгалан дулааны станц” ТӨХК зэрэг 18 хуулийн этгээдийн энгийн хувьцааг нэмж гарган, биржээр олон нийтэд нээлттэй худалдахаар төсөлд тусгажээ.

-Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой “Дулаан шарын гол” ТӨХК; “Цемент шохой” ТӨХК; “Монгол шуудан” ХК; "Багануур дулааны станц” ТӨХК; "Налайхын дулаан станц” ТӨХК; “Хөвсгөл дулааны станц” ТӨХК; “Ховд дулааны станц” ТӨХК; “Улаангомын дулааны II станц” ТӨХК зэрэг 8 компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдахаар төлөвлөсөн байна.

-“Эрдэнэс монгол” ХХК; “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК; “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК; “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ; “Автоимпекс” ХК; “Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор" ХХК; “Автозам засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК зэрэг 7 төрийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах, нэгтгэх, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ.