ҮСХ: Ажил хайж буй иргэдийн 58.7 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн иргэд байна

ҮСХ: Ажил хайж буй иргэдийн 58.7 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн иргэд байна

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо 2020 оны гуравдугаар сарын эцэст 31.8 мянга болжээ. Өнгөрсөн сард 4.4 мянган хүн шинээр бүртгүүлсний 58.7 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Нийт ажил хайгчдын 19.4 (61.0%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 12.4 (39.0%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. 

Улсын хэмжээнд шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 937 (17.5%) хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 2.2 (32.4%) мянган хүнээр буурч, ажилд зуучлагдан орсон иргэд 220 (24.5%) хүнээр өсжээ. Ажилгүй иргэдийн 17.1 хувийг 15-24 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Хэнтий, Увс, Улаанбаатар хот, Говьсүмбэр, Булган, Дархан-Уул, Баян-Өлгий аймагт улсын дунджаас 1.0-8.5 пунктээр бага байна.