М.Бадамсүрэн: 2000 малчин өрх тутмаас нэг аварга малчин тодруулах, өвлийн хашаа барихад нь дэмжлэг үзүүлэх зэргээр журамд өөрчлөлт орууллаа

М.Бадамсүрэн: 2000 малчин өрх тутмаас нэг аварга малчин тодруулах, өвлийн хашаа барихад нь дэмжлэг үзүүлэх зэргээр журамд өөрчлөлт орууллаа

Засгийн газрын өнөөдрийн /2025.12.24/ хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн мэдээлэл өгчээ.

Тэрбээр, "Манай салбар гурван асуудлыг танилцуулж шийдвэрлэлээ. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд баруун бүсийн аймгуудын таван боомтоор гурил, тэжээлийг 0 хувийн татвартай импортоор оруулж ирэх, дээд хязгаарыг тогтоож, дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл татваргүй оруулж ирэхээр боллоо. Баруун бүсийн хувьд зуншлага тааруу байсан. Хоёрдугаарт, улсын аварга малчныг шалгаруулахад малын ашиг шим, төлсөн татвар, малынхаа үүлдэр угсааг сайжруулсан байдал, олсон орлогын хэмжээ зэрэг илүү эдийн засгийн агуулга руу анхаарч, бэлчээрээ хамгаалах чиглэлийг шалгуурын гол үзүүлэлт болгохоор журамд өөрчлөлт орууллаа. Мөн 2000 малчин өрх тутмаас нэг аварга малчин тодруулахаар тоог тогтоож өглөө. Цаашдаа энэ тоог барьж, улсын аварга малчны тоо цөөн бөгөөд чанартай байх өөрчлөлтийг журамд орууллаа. Мөн аварга малчныг монгол гэрээр шагнадаг байсан бол малчин өөрөө хүсвэл гэрийн оронд хөдөлмөр хөнгөлсөн дэвшилтэт техникийг нэвтрүүлэх, өвлийн хашаа барихад нь дэмжлэг үзүүлэх зэрэг бодлогыг хэрэгжүүлнэ. Гуравдугаарт, нийслэл дэх махны үнэ хавар өсөхөөс сэргийлж махыг нөөцөлж байгаатай холбогдуулж, нийслэлийн Засаг даргын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар бид танилцууллаа. Тухайлбал, тухайн нутаг дэвсгэрийнхээ стратегийн хүнс буюу махны нөөцийг бүрдүүлэхэд Засаг дарга анхаарахаар хуульчилсан. Манай яамны хувьд махыг экспортод гаргахад чиглэсэн арга хэмжээг түлхүү хэрэгжүүлж байгаа. Цаашид экспортыг нэмэгдүүлэх бодлогыг дэмжиж, хоёрдугаар сараас эхлээд нөөцийн махыг гаргах албан даалгаврыг өгсөн" гэлээ.