"Дэд сайд нараа эргүүлэн тат, эсвэл Ерөнхий сайд Г.Занданшатар огцор" гэж АН-ын гишүүд шаарджээ

2025-12-22 13:44

О.Цогтгэрэл: Энэ баасан гараг хүртэл дэд сайд нарыг огцруулах хугацаа өгье. Түүнээс өмнө шийдэхгүй бол Засгийг огцруулах бичгийг өргөн барина

АН-ын бүлгээс яамдуудын бүтцийг цомхотгох, дэд сайд нарын томилгоог хүчингүй болгох шаардлагыг Засгийн газарт тавьсан бөгөөд АН-ын бүлгийн дарга Ерөнхий сайдыг албан бланк дээр гарын үсэг цуглуулж эхэлсэн гэх мэдээлэл бий. Энэ талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс тодрууллаа.  

Тэрбээр, "Бид нар Засгийг огцруулна гээд л огцруулаад явсан шүү дээ. Цэц дээр асуудал яригдсан болохоос биш АН дэмжээд л явсан. МАН дэд сайд нарын талаарх шийдвэрээ буцаах ёстой. Бид баасан гараг хүртэл нөхцөл байдлыг харна. Бидний тавьж байгаа шаардлагад зөвхөн дэд сайдын асуудал тусгагдаагүй. Өнөөдөр ч гарын үсгийн тоог бүрдүүлээд Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барьж болно” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: 

2025-12-22 12:36

"Дэд сайд нараа эргүүлэн тат, эсвэл Ерөнхий сайд Г.Занданшатар огцор" гэж АН-ын гишүүд шаарджээ

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл өнгөрсөн Баасан гараг /2025.12.19/-т өөрийн албан бланк дээрээ Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг санаачилж, парламентын гишүүдээр гарын үсэг зуруулж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, "Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичигт одоогоор УИХ дахь АН-ын бүлгийн 10 гаруй гишүүн гарын үсгээ зураад байгаа" гэсэн. Тэгвэл Ерөнхий сайдыг огцруулах гол үндэслэл нь "Дэд сайд нараа эргүүлэн татах, үгүй бол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор" гэсэн гол агуулгатай талаар УИХ дахь АН-ын бүлгийн эх сурвалж бидэнд мэдээллээ. Учир нь өнгөрсөн долоо хоногийн Лхагва гараг /2025.12.17/-т болсон Засгийн газрын ээлжит хурлаар 16 дэд сайдыг томилсон нь сөрөг хүчний зүгээс шүүмжлэлд өртөөд байгаа юм. 

 

2025-12-22 11:35

ШУУРХАЙ: "Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах" О.Цогтгэрэлийн албан бичигт АН-ын бүлгийн 10 гаруй гишүүн гарын үсгээ зураад байна гэлээ

Бензин, шатахууны хүрэлцээгүй байдал, компани, аж ахуй нэгжийн татварын ачаалал гээд Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлж буй Засгийн газраас шийдэл, шийдвэр хүлээсэн олон асуудал нийгэмд тулгараад байна.

Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл өнгөрсөн Баасан гараг /2025.12.19/-т өөрийн албан бланк дээрээ Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг санаачилж, парламентын гишүүдээр гарын үсэг зуруулж эхэлсэн байна.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, "УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичигт одоогоор АН-ын бүлгийн 10 гаруй гишүүн гарын үсгээ зураад байна. Энэ долоо хоногт Үндсэн хуульд заасны дагуу 32 гишүүнийн гарын үсэг бүрдэх байх" гэлээ. Учир нь УИХ-ын 126 гишүүний дөрөвний нэг нь Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурснаар парламентаар хэлэлцэгдэх нөхцөл бүрдэх юм.