Азийн залуучуудын V пара наадмаас Монголын баг гурван алтан медаль хүртлээ

Азийн залуучуудын V пара наадмаас Монголын баг гурван алтан медаль хүртлээ

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод Азийн залуучуудын V пара наадам энэ сарын 7-14-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Тус наадамд 35 орны 1500 баг тамирчин 11 спортын төрөлд 481 медалийн төлөө өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Манай улсаас пара хөнгөн атлетикийн төрөлд 12, бочигийн спортод тав, пауэрлифтингээр нэг тамирчин оролцож 16 дасгалжуулагч, асран хамгаалагч, багийн албаны хүмүүс зэрэг нийт 34 хүний бүрэлдэхүүнтэй баг өндөр амжилттай оролцлоо.

Нэгдсэн дүн гарахад Монгол Улсын баг гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж багаараа эхний 16-д багтлаа. 35 орноос 28 орон ямар нэгэн медаль хүртсэн байна. Манай улсаас пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 54 кг-д ОУХМ, үндэсний шигшээ багийн тамирчин Д.Жигмэдийн алтан медалийн буухиаг бөөрөнцөг, зээрэнцэг түлхэлтийн F40 ангилалд Г.Ган-Эрдэнэ үргэлжлүүлсэн.

Мөн зээрэнцэг шидэлтийн F37 ангилалд Н.Амин-Эрдэнэ, 800 м гүйлтийн T37 ангилалд С.Энх-Амгалан нар мөнгөн медаль хүртсэн бол бочи төрлийн BC2 ангилалд Д.Дагмидмаа хүрэл медалийн эзэн боллоо. Монгол Улсын баг энэ удаа пара бочи, пара хөнгөн атлетик, пара пауэрлифтинг гэсэн гурван төрлөөр оролцож, бүх төрлөөсөө медаль авч багийн дүнгээр эхний 16-д багтжээ. Азийн залуучуудын V пара наадамд оролцсон Монголын багт дэлхийн залуучуудын рекордыг шинэчлэн тогтоосон Д.Жигмэдээс гадна энэ наадмаас хошой алтан медаль хүртсэн Г.Ган-Эрдэнэ нар байв. Ташрамд дуулгахад, Азийн залуучуудын VI пара наадам ирэх онд Япон улсад зохион байгуулагдахаар болсон байна.