Ирэх оны нийслэлийн төсвийн төслийг НИТХ-аар хэлэлцэж эхэллээ. Нийслэлийн төсөвт 2026 онд 4 их наяд 637.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 398.4 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байна. Үүний 82.7 хувь буюу 3 их наяд 835.1 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдсэн 17.3 хувь буюу 802.4 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр төлөвлөжээ.
-ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ, ЭМЧ, БАГШ НАРЫН ЦАЛИН НЭМЭГДЭЖ БАЙГАА ТУЛ ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТӨСӨВТ ӨҮРДҮҮЛЭХ ОРЛОГЫГ ӨСГӨН ТООЦЖЭЭ-
Энэхүү орлогын өсөлтөд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 201.5 тэрбум төгрөгөөр, хувь хүний орлогын албан татвар 236.1 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн албан татвар 40.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байгаа нь ихээхэн нөлөөлж байгаа аж.
Эргэн сануулахад, өнгөрсөн онд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг 2-3 дахин, авто зам ашигласны төлбөрийн хэмжээг одоо мөрдөж буй тарифаас 5 дахин нэмэгдүүлэн тогтоож үүнээсээ орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн байсан нь жолооч нарын төлөх татварыг огцом нэмэгдүүлж, иргэдийг ихээхэн бухимдуулж байлаа. Тэгвэл энэ жил торгууль, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, иргэдийн хадгаламжийн хүү зэргээс орлогоо татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн аж.
Мөн төрөөс хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж, ирэх онд багш, эмч нарын цалин, хөдөлмөрийн хөслний доод хэмжээг үе шаттай нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаатай холбогдуулан нийслэлийн төсөвт төвлөрөх цалин хөлс болон түүнтэй адилтгах ХХОАТ-ыг 1 их наяд 700.7 тэрбум төгрөгөөр, бусад нэр төрлийн ХХОАТ-ыг 533.7 тэрбум төгрөгөөр тооцож, төсвийн төсөлд тусгасан байна.
Түүнчлэн хөрөнгийн албан татварын орлогоор 274 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь энэ оноос 17.4 хувиар өссөн үзүүлэлт аж. Энд мөн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг бүх дүүргүүдэд шинэчилсэн тариф тогтоож, 38.1 тэрбум төгрөг төсөвт татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн энэ жилээс 16.9 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь 2026 оны төсвийн онцлох үзүүлэлтүүд байлаа.
-ИРГЭДИЙН ХАДГАЛАМЖИЙН ХҮҮНЭЭС АВАХ ТАТВАРЫН ОРЛОГО БОЛОН ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛЭХ ТОРГУУЛИЙН ОРЛОГЫГ НЭМЭГДҮҮЛНЭ-
Ирэх онд иргэдийн хадгаламжийн хүүгийн татвараас төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлж, 178.7 тэрбумыг төсөвт орлого болгохоор төлөвлөсөн байна. Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 их наяд 116 сая төгрөг болгосон нь өмнөх оноос 176 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн юм. Энэ нь ирэх онд аж ахуйн нэгжүүдийн татварт хамрагдалтыг нэмэгдүүлж, бүртгэл хяналтыг сайжруулах учраас ийнхүү нэмэгдүүлж байгаа гэнэ.

Үүгээр зогсохгүй торгуулийн орлогоор 221.1 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ гэжээ. Энэ нь өнгөрсөн оноос 61 тэрбумаар өссөн үзүүлэлт учраас энэ жил замын цагдаагийн ажилтнуудын ажил тэр хэрээр нэмэгдэх нь.
Сонирхуулахад, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хиймэл оюун ухааны тусламжтайгаар зөрчил гаргасан жолоочийг торгож эхэлнэ. Ингэснээр магадгүй торгуулийн төсөвт татан төвлөрүүлэх дүн өснө гэж тооцоолсон байж мэдэх. Ерөөс Хотын дарга Х.Нямбаатар нь иргэдийг машин унуулахгүй байх бодлогыг хэрэгжүүлж буй. Тухайлбал, нийслэлд зорчих автомашины тоог 750 мянгад барьж, шинээр дугаар олгохгүй байх, хөдөө, орон нутгийн автотээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээг нэмэгдүүлээд зогсохгүй өнгөрсөн онд автомашины татварыг 2-3 дахин, авто зам ашигласны татварыг 5 дахин нэмэгдүүлэхээр болж байсан бол энэ жил жолооч нараас авах торгуулиас төсөвт бүрдүүлэх орлогыг ийнхүү нэмэгдүүлсэн байна.