Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлагууд БНХАУ-ын Хэбэй мужийн Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар БНХАУ-ын Хэбэй мужийн Шинжлэх ухааны академи болон тус мужийн "Аж үйлдвэр, технологийн парк"-тай мал, амьтны гаралтай түүхий эд боловсруулах салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлэх, нэн ялангуяа арьс шир боловсруулах үйлдвэр, мал эмнэлгийн хяналтын лаборатори байгуулах асуудлаар санал солилцож, хамтран ажиллахаар тохиролцов. Тодруулбал, Монгол Улсад хэрэгжиж буй урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, үндэсний хөтөлбөрүүдтэй уялдуулан хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах төлөвлөгөө гаргаж, хамтарсан судалгаа, шинжилгээний лаборатори байгуулах ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцсон юм.
Уулзалтад Монгол Улсын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөх Б.Амарсанаа, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, БНХАУ-ын Хэбэй мужийн Шинжлэх ухааны академийн Дэд ерөнхийлөгч Ди Минхуй тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.