Х.Мандахбаярын гайгаар “худал мэдээлэл тараах” гэсэн заалттай Эрүүгийн хууль мэндэлж, сэтгүүлчдийг шоронд оруулж эхэлсэн

Х.Мандахбаярын гайгаар “худал мэдээлэл тараах” гэсэн заалттай Эрүүгийн хууль мэндэлж, сэтгүүлчдийг шоронд оруулж эхэлсэн

2020 онд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталсан. Энд олны шүүмжлэл, эсэргүүцэл, эсрэгцлийг дагуулсан нэг заалт орсон нь “худал мэдээлэл тараах” гэсэн заалт байсан. Энэ заалт нь Үндсэн хуульд заасан хүний итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх зэрэг наад захын эрхийг зөрчсөн байж магадгүй байгаа юм. Иймдээ ч Цэц дээр маргаан үүсээд, хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл энэ зүйл заалт нь дарга нарт үйлчилж, сэтгүүлч, хэвлэлийнхэн, иргэдийг яллах, мохоох гэсэн нэг арга хэрэгсэл нь болон ашиглагдаж байж магадгүй байгаа юм.

-Х.МАНДАХБАЯРЫН САНААЧИЛГААР “ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХ” ГЭДЭГ НЬ “ГҮТГЭХ” ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХАМТ ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ШИЙДВЭРЛЭГДДЭГ БОЛЖЭЭ-

Эрүүгийн хуулийн “13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах” буюу “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван cap хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Энэ нэмэлтийг 2020 онд УИХ-аар хэлэлцэн баталсан юм.

Тэгвэл энэ зүйл, заалт өмнө нь “гүтгэх” гэдэг нэр томьёотогойгоор буюу Зөрчлийн хуулийн 6.21 дэх заалтаар зохицуулагддаг байсан. Энэ үед иргэдийн гэм буруугаа тогтоолгох эрх зөрчигдөж байгаа буюу хэрэг шүүхэд очихгүйгээр, байцаагчийн үнэлэлтээр асуудал шийдэгдэж байна гэж үзээд, энэ заалтыг Эрүүгийн хуульд оруулах санаачилга оруулсан байдаг. Өөрөөр хэлбэл хоёр иргэний хоорондын харилцаанд эрүүгийн хариуцлага үүрүүлдэг болсон байгаа юм.

Энэ талаар хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, “Гүтгэх гэдэг бол зөрчил биш гэдгийг бүх хуульчид хэлнэ. Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл 2019 онд УИХ-д өргөн баригдаад 2020 онд хэлэлцэгдэж байх явцад Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дарга Х.Мандахбаяр гэдэг хүний гарын үсэгтэй санал гэх үү, шаардлагыг УИХ-ын ажлын хэсэг байнгын хороонд хүргүүлсэн байсан. Үүний хар гайгаар “илт худал мэдээлэл тараах” гэдэг заалттай “гүтгэх” гэмт хэрэг нь ижил гэмт хэрэг болчихсон. Ийнхүү хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчдээ хамгаалах гэж байна гээд эсрэгээрээ сэтгүүлчдээ хорлосон, сэтгүүлчдээ шоронд оруулж, бүх хүнийг хэлмэгдүүлэх боломж олгосон. Улс төрд нөлөө бүхий хүмүүсийг хардаж бичих боломж ч олгоогүй. Хардсан үйлдэл, алдсан алдаа болгоныхоо төлөө эрүүгийн гэмт хэрэгтэн болох боломж олгосон саналыг Х.Мандахбаяр өөрөө шаардаж батлуулсан. Үүний горыг одоо Монголын бүх сэтгүүлчид үүрээд явж байгаа. Сэтгүүлчид энэ хүндээ гомд” гэсэн юм.

ВИДЕО:

-“ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХ” ГЭМТ ХЭРЭГ НЬ ХААЛТТАЙ ОРНЫ ЖИШГЭЭР МАНАЙ УЛСАД ҮЙЛЧИЛЖ БАЙНА-

Бодит байдал дээр голчлон улс төрийн албан тушаалтнуудын гомдлоор сэтгүүлчид олноороо Эрүүгийн хэрэгт татагдаж шалгагдсан билээ. Тодруулбал, 2020 онд батлагдсан энэ хууль хэрэгжиж эхэлснээс 2024 оны зургаадугаар сар хүртэл 2260 хэрэг бүртгэгдсэнээс 1048 хэргийг хэрэгсэхгүй болгож, 144 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна.

“Худал мэдээлэл тараах” гэсэн зүйл заалтын үндэслэлийг тайлбарлахдаа “үзэл бодлоо илэрхийлэх зэрэг эрхэнд тодорхой түвшинд хязгаарлалт тавьж болно гэсэн олон улсын гэрээ бий” гэх үндэслэлийг хэлж буй. Гэвч ардчилсан бус буюу хаалттай улс орнуудад мэдээ, мэдээллээс удирдагчийн нэр төрийг хамгаалах гэдэг агуулгаар “худал мэдээлэл тараах” гэдэг хэллэгийг хэрэглэдэг. Харин ардчилсан орнууд нийтийн дэг журмыг эвдсэн буюу тийм зорилго, үр дагаварт хүргэж буй үйлдлийг “худал мэдээлэл тараах” гэдэгт багтааж ойлгож ирсэн. Өөрөөр хэлбэл хаалттай орнуудад өндөр дээд албан тушаалтныг хамгаалж энэ заалтыг баталсан байдаг бол ардчилсан орнуудын хамгаалах субьект нь нийгмийн сэтгэл зүй байдаг байна. Гэтэл манай “улсад хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн нэр хүндэд халдсан худал мэдээлэл түгээх” гэж тодорхойлсон нь Ардчилсан бус хаалттай орны жишгийн дагуух заалт байгаа юм.

Мөн худал мэдээлэл тараах гэмт хэргийг нийгмийн эсрэг гэмт хэрэгт оруулж, Иргэний хуулиар шийдүүлэх боломжтой талаар хуульчид хэлж буй. Ямартаа ч манай улс хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн цогцлооно гэсэн уриатай. Гэтэл нэг хүнийг шүүмжлээд бичихэд эрүүгийн гэмт хэрэгтэн болоод байгаа нь ардчилсан ёсонд нийцэхгүй билээ.