“Physical Asia” шоу нэвтрүүлгээс циркчин, МУГЖ Э.Лхагва-Очир олон улсын үзэгчдийн анхаарлыг ихээхэн татсан. Түүний хувьд энэ нэвтрүүлэгт оролцсон оролцогчид дундаас ганцаараа урлагийн салбарын төлөөлөл байсан бөгөөд энэ давуу талаа ч маш сайн харуулж чадлаа. Мөн тэрбээр нэвтрүүлгийн төгсгөлд “Монголын циркийн урлагийг төлөөлж энэ нэвтрүүлэгт оролцсон минь нэр төрийн хэрэг байлаа” гэх үгийг хэлсэн.
Ийнхүү циркгүй улсын циркчин залуу олон улсад гайхагдсан нь энэ байв. Энэ мэтчилэн манай улсын циркчид дэлхийд гайхагдаж, олон улсад үнэлэгдэж байхад манайд циркийн барилга ч үгүй, циркийн барилга барих газар ч үгүй нөхцөл байдалтай байна.
ВИДЕО:
-2008 ОНД АСА АВАРГА ЦИРКИЙГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ ӨӨРЧЛӨХГҮЙ ГЭХ МЕНЕЖМЕНТИЙН ГЭРЭЭГЭЭР ХУВЬЧЛАН АВЧ БАЙВ-
1971 онд одоогийн Монголын Үндэсний циркийн барилгыг Румын улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулсан түүхтэй. Энэ үед Монголын циркт 40 гаруй амьтан, 200 гаруй уран бүтээлчид циркийн тоглолт үзүүлдэг байв. Улмаар 2008 онд Сүмогийн их аварга Д.Дагвадорж "үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй, зориулалтын дагуу ашиглах болзолтойгоор" менежментийнгэрээ хийн хувьчлан авч, “АСА” цирк нэртэй болсон байдаг.

Гэтэл хувьчлан авснаасаа хойш циркийн барилгыг зориулалтын бусаар ашиглаж, ресторан, паб, авто угаалгын газар, арилжааны банк ажиллуулж байгаад 2020 онд хаасан юм.
Ингэхдээ тэрбээр “дэлхийн хэмжээний томоохон циртэй болгоно” гэдэг үгийг л хэлж байв. Гэтэл гадаад бүтэц, загварыг нь өөрчлөн “Аса арена” нэртэй болгон 2024 оны намар ашиглалтад оруулсан. Мөн 2023 онд барилгын зөвшөөрлийг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалттай болгож өөрчлүүлсэн байгаа юм.

-ХАРИН ЦИРКЧИД ХЭЗЭЭ МӨДГҮЙ НУРАХ ДӨХСӨН "БӨМБӨГӨР НОГООН ТЕАТР"-ТАА БЭЛТГЭЛЭЭ ХИЙЖ БАЙНА-
Одоо циркийн эргэн тойрны газар, амьтан асрах байр аль аль нь байхгүй болсон. Мөн циркийн урд талын талын залгаа газрыг Хөрөнгө оруулалтын банк эзэмшиж байгаа бөгөөд энд 35 давхар барилга барих талаар нэг хэсэг шуурч байв. Циркчид байргүй болсон түүх товчхондоо ийм.
Монгол циркчдийн ихэнх нь гадаадад ажилладаг бөгөөд монголд байгаа хэд нь баригдаад 100 жил шахам болж буй “Бөмбөгөр ногоон театр”-т бэлтгэлээ хийж байна.

Гэтэл энэ барилга нь хэзээ мөдгүй нурахад бэлэн болсон бөгөөд циркчид маш аюултай орчинд бэлтгэл сургуулилтаа хийж байна. Олон улсын жишгээр бол Урлаг, спортыг төр бус хувийн хэвшил нь хөгжүүлдэг. Үүгээрээ бид төр цирк барьж өг гэж хэлэх гэсэнгүй. Харин Д.Сумьяабазар тэргүүтэй МАН-ынхан менежментийн гэрээгээ зөрчиж, циркийн барилгын үйл ажиллагааны чиглэлийг өөрчилж, монгол хүүхдүүдийг үзэх циркгүй, циркчдыг очих газаргүй болгосон байгаа юм. Харин одоо соёлын сайд Ч.Ундрам нь “Циркийг хувьчлаад эргүүлж авах боломжгүй болсон юм билээ. Бид нийслэлээс цирк барих газар асууж байгаа” гэх мэдээллийг өгч байгаа.
Ийнхүү Э.Лхагва-Очироос эхлээд монгол циркчид дэлхийг шуугиулж байхад манай улсын хүүхдүүд үзэх циркгүй, циркчид орох газаргүй, циркийн барилга барих талбай ч үгүй байна.