Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж зөвлөх агсан О.Чулуунбилэгт сэтгэлийн зул өргөж, Чуби дурсамж нийтлэл бичсэнийг бүрэн эхээр нь хүргэж байна. О.Чулуунбилэг агсан нь Ц.Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад түүний албан ёсны зөвлөхөөр ажиллаж байсан юм.
ЧУБИ
-Байнгын Хороон дээр олонхи болсон ч нэгдсэн чуулганд хэлэлцэх эсэх дээр цөөхөн саналаар уналаа. Ийн ярьсаар зөвлөх Чулуунбилэг, Өнөрбаяр хоёр орж ирэв. Харуусаж байгаа нь илт. Чуби хэлснийг баяжуулж шийдэл гаргахдаа, Өнөрөө хууль харилцаа болгож цаасан дээр буулгахдаа гаргуун.
Ардчилсан хувьсгалын ач буянаар Москвагаас салсан улс төрийн эрх Монголд ирээд коммунистуудын гарын шүүс, идэш ууш, олбог дэвсрэг болов. Дөрөв дэх арван жилээ үзэж байна. Уг нь Үндсэн хуульд "Төрийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Ард түмэн тэр эрхээ шууд болон төлөөллөөрөө дамжуулж хэрэгжүүлнэ" гэж тусгаж чадсан юм. Түүнийг яаж ажил болгох тухай бид ярьдаг байлаа. Ард түмэнд эрхээ эдлэх боломжийг нь олгох гэж зүтгэсэн.
Чуби асуудлын гаргалгааг сууриар нь олж харах өвөрмөц чадвартай. Төрөө барих иргэн хүний эрхийг нам нэртэй дээрэмчдийн гараас салгах гарцыг тэр тод харж байлаа.
Улсын болон орон нутгийн хурлаар хэлэлцэх асуудлыг иргэд санал болгодог. Иргэдийн санаачилсан асуудлыг аль нэг хурлын (УИХ, ИТХ) тодорхой тооны гишүүд дэмжсэн бол заавал хэлэлцдэг байх зарчмыг бид дэвшүүлсэн. Ингэж төр иргэн хоёр холбогдож, даргын хүссэнийг биш иргэдийн хүссэнийг ажил болгох хаалгыг нээх гэж зүтгэсэн юм.
Аливаа хувьсгал, өөрчлөлтийн мөн чанар нь эрхийн шилжилтээр хэрэгждэг. Эрхийн шилжилт хуулийн үг үсгэнд шингэж байж ажил болдог. Амьдралын эрээн барааныг туулж, хичээл сургамж болж тэр нь хууль эрх зүйд биеллээ олж улам төгөлдөржөөд, сайжраад явах учиртай. Хулгайчид эрхээ тодорхойлдог байвал хулгай л төгсөрнө. Үүнийг зогсоох арга бол шийдвэрийн төсөл, хууль санаачлах эрхийг иргэдийн гарт атгуулах. Үүнийг Чуби сайн ойлгодог байсан. Алсын энэ бодлоо хэрэгжүүлж эздэд нь хүргэх боломж түүнд олдохгүй явсаар холдон одлоо.
Иргэдийн улс төрийн эрхийг хэрэгжүүлэх хууль гэж төслөө нэрлэсэн. Үүнийг хийхгүй бол хэн нь илүү хулгайлах вэ гэдэг уралдаан Монголын төрийг залгина. Тус тахлаас сэргийлэх гэж л уг хуулийг санаачилж зүтгүүлсэн юм.
Арав хол жилийн өмнө. Заримд нь тэр цаг (ТRex) Батаарын үе шиг санагдаж байж болох. Даанч бүтээгүй. Гэвч бид бууж өгөөгүй. Дараачийн хуулиа санаачилж Иргэний Танхимд иргэдээр хэлэлцүүлсэн.
Монголыг гогодсон аюул бол улс төрдөө байгаа юм. Улс төрд хариуцлагын ойлгомжтой тогтолцоо хуулиар бүрдээгүй учир тус зовлон ужгирсаар байна. Тэр тухай Чуби бид ярилцсан. Санаачлагаа тайлбарлаж, олныг оролцуулан хэлэлцүүлж хуулийн төслийг Их Хуралд өргөн барьсан. Хариуцлага гэдэг үгнээс манай улстөрчид шорон шиг айдаг. Шоронд хүргэж асуудлыг заавал даамжруулахгүй байх аргыг бид санал болгосон.
Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтантай хариуцлага тооцох хууль гэж тус харилцааг шуудхан, ойлгомжтой томъёолсон. Ёс зүйн хариуцлага гэж юу болох, яаж ажиллах, хэрэгжих, хаана эхэлж хаана дуусахыг, иргэдийн санаачлага хяналт гэж юу байдгийг тэнэг нэгэн ч ойлгохоор бичиглэсэн. Мөн албан тушаалын хариуцлагыг иж бүрдлээр нь гаргаж өгсөн. Эрүүгийн хариуцлага, бүрэн эрхийн асуудал хойноос нь залгана.
Улс төрийн хариуцлага жорлонгоор эхлээд жорлонд дуусдагыг хуулийн эрүүл харилцаанд оруулах гэж бид зорьсон. Бас л дэмжлэг хүлээгээгүй. Өөдтэй нь зүхэгдэж, муу нь мандаж тодордог муухай үзэгдлийг яаж засах аргыг Чуби мэднэ. Засахгүй удвал яаж ялзрахыг тэр урьдчилж хардаг байв. Тийм цэлмэг билгийн мэлмийтэй хүн олдох нь өдрийн од шиг цөөн. Тэр тусмаа улс төрийн замаг дотроос. Харин "жорлон" хочит нэгэн дээрхи завхралыг бүр моринд нь мордуулсан.
Даргад ирсэн эрх ялзардаг. Иргэнд өгсөн эрх өнгөжин дэвждэг. Аливаа эрхийн эхлэл хүнээр эхэлж бас хүндээ өмчлөгдөж, тэдний санаачлага хяналтад байж гэмээ нь сайн сайханд хөтөлдөг.
Үүнийг шашин мэт номлох нь байдаг л зүйл. Харин харилцаа тогтолцоонд оруулж харах, хууль дүрэм болгож цагаан дээр хараар буулгах бол ховор тохиох чадвар. Албан тушаалтны хариуцлагыг тодорхой болгоё, түүнийг яаж нэхэх, ажил хэрэг болгох эрхийг иргэдэд өгье гэхээр манай эрхэм гишүүн, дарга нар зэнзийрхэн холддог.
Нам гэж муугийн хор шүгэлсэн, эрх мэдэлдээ дулдуйдсан гэмт хэргийн бүлэглэлийг өөрчлөхгүй бол Монголыг маань сүйдлэх нь гэж ярилцсан цаг эртнийх. Аливаа бүлэглэл бусдаас онцгой эрх эдлээд эхлэвэл галзуурдаг. Бүх байгууллага бүртгэлийн газарт бүртгүүлж харьцдаг атал улс төрийн нам л ганцаар Дээд шүүхэд бүртгүүлж тусгай эрх эдэлдэг. Намыг бүртгэж давраадаг биш, хууль зөрчсөн бол шийтгэдэг, тараадаг, татан буулгадаг газар нь шүүх. -Бүх амьтан ижил эрхтэй, гахай илүү эрхтэй байдаг ёсыг хуулиар эхэлж цуцлахыг бид зорьсон. Шүүхтэй нийлсэн хулгайч хуйвалдагчид бол чонотой нийлсэн нохдоос дутуугүй иргэдийн эрх, боломжийг тасар тасчин цусалдаг.
Намыг өмч хөрөнгөтэй байхыг хориглосон. Улсын бүх эрхийг өмчлөөд ханахгүй, татвар хөлсөөр боссон олон давхар ордонд эрхлэхийг бид зөвшөөрөхийг хүсээгүй. Хуралд авсан суудлынхаа тоогоор санхүүждэг шигээ мөн тийм харьцаагаар тодорхой талбай төрөөс түрээсэлж ажилладаг байхаар хуулийн төсөлдөө тусгасан. Мэдээж Ардын намаас эхлээд амь тавин эсэргүүцсэн. Аж ахуйн ажилтай хөөцөлдөх бол намын зорилго биш. Нам өмч хөрөнгөнд шүлэнгэтвэл эрх авсан үедээ улсаа хулгайлж дуусдаг.
Хулгайчтай, авлигачтай улс гэж бий. Харин эрхээ өгөөд, дээр нь улсаа хулгайд алдсан орон, ард түмэн хичнээн байдгийг би мэдэхгүй. Намыг "энхрий хайрт, ачлал энэрэлт, манай үеийн оюун санаа, оройн дээд" гэж шүтэх хүн энэ хорвоод хэр олон үлдсэн бол! Монголчууд намыг шүтэхээ больсон ч эргэн дурсахуй дээр нь хуучин шинэ коммунистууд бүжиг хийж эрхэлсээр. Эзнээр нь ачаагаа татуулаад, хоосон буйран дээр нь орхиж. Идэх хулгайлах дуршил нь үлгэрийн баатар мангасыг ч хол орхиж. Эзэнгүй айлын хамаг хөрөнгөд эзэн суусан гэж эндүүрч. Нам нэрт дээрмийн бүлэг хааяа өнгөн засал хийж үсээ гялалзуулж үнэтэй дээл малгай солих ч толгой нь, ходоод нь, байр нь, бүрэлдэхүүн нь, жорлон нь хэвээр. Хууль дүрэм нь хуучнаараа.
Хэн намын дарга байхыг улсын дээд шүүх шийддэг болтлоо дампуурал халив. Ийм юмны үнэр тэр үед л ханхийж байсан. Намын нэрээр нийтэд хандаж хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргадаг мөнхүү өөрөө өөрийнхөө дүрмийг бичиж баталдаг байхыг буруу гэж үзсэн. Намын баримтлах дүрэм журмыг сонгуулийн төв байгууллагаас тогтоож ижил тэнцүү мөрдүүлэхийг бид хуульчлах гэж зорьсон. Зохион байгуулалтад орсон гэмт этгээдүүд л өөрсдөө дүрмээ тогтоож, хянаж мөрдөх гэж алиалдаг. Хуультай, эзэнтэй газар үүнийг үл зөвшөөрдөг.
Шүүхийг намын бүртгэлээс салгаж хэрэг маргаан хянаж эцэслэн шийдвэрлэх байранд нь байлгах гэж мэрийсэн. Намын хуулинд ийм суурь өөрчлөлт хийж байж Монголын улс төр эрүүлжих зам дээр гарахыг Чуби сайн ойлгодог байв.
Намын бүх эрх мэдэл гишүүнээс нь эхэлж гишүүнээр нь дуусдаг байх ёстой. Намууд удирдагчаа өрсөлдүүлж, гишүүн нэг бүр нь оролцож сонгодог зарчим зөв. Намын гишүүн нэг бүрийн бүртгэл, мэдээлэл ил тод, нээлттэй байх ёстой гэж үзсэн. Хаалттай байвал гэмт үйлдлийн үүр хороо болдгийг олж харсан. Намын шийдвэр гаргах үйл явц гишүүн, идэвхитэн бүрийн оролцоонд тулгуурладаг байхыг санал болгосон. Санхүү бүрдэлт, зарцуулалт нь шилэн бөгөөд гишүүд иргэдийн бүрэн хяналтад байна гэж төсөлдөө тусгасан. Ингэхгүй бол эрх барих намын бүдүүн, ерөнхий даргынх нь шунал, шийдвэрээр дамжуулж Монголыг хянадаг, хөдөлгөдөг, боолчилдог улирсан баларсан уламжлал сэргэх нь гэж болгоомжилсон. Юун эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал. Нам коммунист солиорлынх шигээ онцгой эрх эдэлдэг байдал энэ хэвээр үргэлжилбэл улсын дон дээр суух хэрээ болно гэж бид харсан.
Бидний хамгийн муу таамаг өдгөө биелэхийг үзэх юутай уйтай. Аврагчийн дүрээр хуягласан авилгач гахайнуудын "ач"-аар Монгол минь "Их авлигатай" хэмээх олон улсын ангилалд оржээ.
Уг нь бид "Их Монгол" гэх алдраар бахархдаг байв. "Ардчиллын Баян Бүрд" гэж бүс нутагтаа онцгойрдог байсан ололтоо хулгай авлигад алдлаа. Монгол руу хошуурдаг жим тасарч, зүхэх зугатах урсгалын цөн түрлээ. "Чи хулгайч, тэр хулгайч" гэсэн хэрүүлээр л баян улс боллоо. Эх орон, эрх чөлөөнд хайртай хүн бүрийн зүрх шимширч байгаа. Зарим зүрх өвдөлт шаналалаа үл даан зогсох!!
Намд өмнө хэлсэн эдгээр суурь өөрчлөлтийг хуулиар хийхгүй бол шинэ хууль гаргаж татан буулгаад, дахиад бүртгэсэн ч нөгөө хулгайн бүлэг дугуй дугуйгаараа эргээд нийлэх нь ойлгомжтой байсан. Засвар авахгүй юм гэж байдаг. Зөвлөлт тогтолцоо тийм засвар авахааргүй шорон байв. Иргэдээ чөлөөлж байж, тэдний гарт эрхийг шилжүүлж байж, эзэнд нь гэрээ шинээр барих боломжийг олгох. Үүнийг л агуулгын өөрчлөлт гэдэг. Арван үндсэн өөрчлөлт санал болгосон улс төрийн намын тухай бидний санаачилсан хууль тэр үед дэмжигдээгүй.
Ил тод байдлын тухай хуулийн төслийг араас нь зүтгүүлэхээр төлөвлөж байв. 2017 он гарч бидний бүрэн эрх дууссан. Дарга түшмэдүүдийг хэзээ, хаана, юу хийж байгааг цаг минутаар нь мэдэхгүй бол чононд хонь хадгалуулснаас ялгаагүй. Мэдэхгүй бол тэднийг хянаж чадахгүй. Хяналт үгүй газар завхрал ялзрал явагдана. Үүнийг хуулийн зохицуулалтад оруулах сураг сонссон олон шийдвэр гаргагч тэр үед хамраа чимхэн, чихээ даран дөлж байж билээ. Өнөөдөр үзэгдлийг тойрч шуугиж чадаж байна. Харин өөрчлөх чадамж, улс төрийн манлайлал алга.
Хүн мөнх биш. Харин үзэл санаа, ярьж хэлж байсан зүйл, санаачилж зүтгэсэн үйлдэл тод үлддэг. Бурууд нүд хурц байх нь зөв. Харин тэр буруу юунаас үүдэж байгааг олж харах, түүнийг хэрхэн засах арга замыг тодорхойлж цаасанд, шийдэлд буулгах бол их өөр. Хулгайг, мууг мэдсэн бол зогсоох ёстой. Улам их хулгайлах, улам илүү муутгах руу яваад байж болохгүй. Улс үндэстнээ ч доройтуулж сөнөөж мэднэ. Монголд хулгай зогсох ёстой. Монгол хүн ёс зүй, эрхэм чанараар бусдаас ялгарах хэрэгтэй. Манай улс төр эрүүлжих учиртай.
Хүн нэгнээ дурсахад хүрэл зүрх ч хайлдаг. Хийх гэж явсныг нь гүйцэлдүүлэх ёс бол сайн нөхөд, хойч үеийнх нь үүрэг болж үлддэг. Чуби чи их эрт биднийг орхилоо. Их ачаа үлдээлээ. Буян хураах өдрүүдэд чамайг бодож, харуусч мөн ерөөл хөгжөөж явлаа. Харин өнөөдөр чиний хэлж хийж, бодож зүтгэж байснаас сайн мэдэх заримыг олонд хүргэлээ. Учир нь чи эрх чөлөөнд, олны хүчинд итгэдэг байсан.
Пало Алто. 2025. 11. 18