Н.Учрал: Эдийн засгийн эрх чөлөөг хязгаарласан хууль батлахыг бүрэн хориглож, баялаг бүтээгчдийг дэмжих хуулийн төслүүд боловсруулсан

Н.Учрал: Эдийн засгийн эрх чөлөөг хязгаарласан хууль батлахыг бүрэн хориглож, баялаг бүтээгчдийг дэмжих хуулийн төслүүд боловсруулсан

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Шадар сайд Н.Учрал танилцууллаа. 

Тэрбээр, "Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, хөрөнгө оруулалтын тухай хууль, зөвшөөрлийн тухай хууль, түүнийг дагасан 120 хуулийн төслийг танилцууллаа. Ерөнхий сайд Г.Занданшатар Ерөнхий сайдаар томилогдохдоо баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ гэдгээ зарласан. Ингээд 100 хоногийн хугацаанд баялаг бүтээгчдийг дэмжих хуулийн төслүүд дээр ажиллалаа. Ирэх оны төсвийг мэдүүлэхдээ нэрлэсэн ДНБ, тэнцвэржүүлсэн орлогын харьцааг 30.6 хувь хүртэл бууруулсан. Энэ харьцаа буурах тусам хувийн хэвшилд орон зай бий болдог. Өнгөрсөн онд энэ харьцаа 37 хувь байсан бөгөөд төр хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг гэсэн шүүмжлэлд тоон аргаар хариулт өгөх ёстой. Энэ хүрээнд татварын багц хууль, эдийн засгийн эрх чөлөөний хууль зэрэг төслүүдийг өргөн мэдүүлж баталснаар бизнесийн орчин сайжрах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа. Иймд баялаг бүтээгчдийг дэмжих үүднээс Эдийн засгийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг танилцуулж байгаа юм.

Бид эдийн засгийн эрх чөлөөг зөрчиж байгаа хэдэн хууль, зүйл заалт хэрэгжиж байгаад үнэлгээ өгсөн. Энэ үнэлгээгээр зөрчилдөж болзошгүй заалт бүхий 228 хууль байна гэсэн. Тэгэхээр энэ 228 хуулийг давж бизнес хийх, гаднын хөрөнгө оруулалтыг татах нөхцөл тааруу. Мөн шууд зөрчилдөөнтэй 110 хууль байна.

Ийнхүү эдийн засгийн эрх, эрх чөлөөнд хэрхэн халдаж, зөрчилдөж байгаа вэ гэдгийг AI дээр уншуулж чаддаг боллоо. Эдгээр зөрчилдөж байгаа заалтуудыг өөрчилнө. Эдийн засгийн эрх чөлөөний хуулиар Үндсэний аюулгүй байдлыг хангах, үндэсний ашиг сонирхлыг хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжихээс бусад тохиолдолд эдийн засгийн эрх чөлөөг хязгаарласан хууль батлахыг бүрэн хориглож байна. Хувийн хэвшил, хөрөнгө оруулалтыг хамгаалах, төр хувийн хэвшлийн зөвлөлдөх механизмыг бий болгож, хувийн хэвшилд халтай эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргахыг нь хуулиар хориглоно. Нэг ёсондоо өнөөдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан байхад 10 жилийн дараа хууль эргэж үйлчлээд, тухайн хөрөнгө оруулагч талын хэлэлцээр лүү эргээд орчихдог байдал нь гадныхан хөрөнгө оруулалтад халтай байна. Иймд хуулийг буцааж хэрэглэхгүй гэдэг суурь зарчмаа эдийн засгийн эрх чөлөөний хуулиар баталгаажуулж өгч байна. Мөн хуулиас давсан дүрэм, журам тогтоохыг Эдийн засгийн эрх чөлөөний хуулиар хориглож байна. Бизнесийн үйл ажиллагааны ямар нэгэн шийдвэр гаргах, хязгаарласан, хориглосон хууль батлах гэж байгаа бол хамгийн багадаа 90 хоногоос нэг жилийн хугацаанд ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа бүлгүүдээс саналыг нь авч, олон нийтийн хэлэлцүүлэгт оруулж, зохион байгуулж байна гэдэг гол зүйлсийг энэ хуулиар зохицуулж байна.

Хөрөнгө оруулалтын хууль олон жил яригдаж байна. Энэ удаа хөрөнгө оруулалтын тухай хуулийг боловсруулж өргөн барихад бэлэн болголоо. Үүнд маргааныг хэлэлцээрийн замаар болон олон улсын арбитраар шийдүүлэх боломжийг бүрдүүлнэ.

НҮБ-ын загварт нийцсэн арбитрын хуулийг энэ хуультай нийцүүлнэ гэсэн үг. Мөн хөрөнгө оруулагчийн гомдол маргааныг шийдүүлэх эрх зүйн орчин тодорхойгүй байгаа. Тийм учраас шүүхийн өмнөх урьдчилсан шатанд хөрөнгө оруулагч нарын гомдлыг шийдүүлдэг болох эрх зүйн орчныг бүрдүүлж байна. Хөрөнгө оруулалтад халтай байгаа 14 хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж байна. Гадаадад хөдөлмөр эрхлэх, зуучлах үйл ажиллагааг гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд эрхлэхийг хориглосон байсныг хүчингүй болгож байна. Өөр улсын барилгын үйл ащжиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг дүйцүүлэх арга хэмжээнүүдийг авч байна. Гадаадын банк байгуулахыг хуулиар огт хорилоогүй. Гэхдээ Монгол банк хуулиар хориглоогүй байхад нэмэлт 13 заалтыг журмаар тогтоосон байгааг бүрэн хална. Эдийн засгийн эрх чөлөөний хуулийг дагуулаад зөвшөөрөл мэдэгдлийн хуулийн өөрчлөлтийг өргөн барьж байна" гэлээ.