Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн шинэчлэгдсэн бүрэлдэхүүн 2024 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр хуралдаж, З.Нарантуяаг Гүйцэтгэх захирлаар томилсон.
Тодруулбал, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Батаа өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, Банкны тамгыг албан ёсоор хүлээлгэн өгсөн юм.
Тэгвэл өнөөдрийн /2025.11.12/ Засгийн газрын хуралдаанаар З.Нарантуяаг Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн гэдгийг мэдэгдлээ. Учир нь түүнийг холбогдох хуулийг зөрчин томилсон гэж үзжээ.
Сонирхуулахад, З.Нарантуяа нь эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй, төрийн удирдлагаар мастер хамгаалсан. Монголбанканд 1992-2006 онд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгч, газрын орлогч захирлаар, 2006 - 2010 онд “Монгол шуудан” банкны Дэд захирал, 2010 - 2011 онд “Хадгаламж” банкны Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан бөгөөд 2012-2014 онд УИХ-ын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөх, 2014-2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны дарга, 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажилласан туршлагатай юм.