МАН-ын Их хурал энэ сарын 15, 16-нд болж, намын дүрмээ шинэчилж, даргаа сонгоно. 2200 гаруй төлөөлөгч ирж хуралдах намын Их хурлыг Буянт-Ухаа дахь "Steppe Arena"-д хийхээр төлөвлөж байгаа юм байна.
Мөн тус хурлаар Б.Баярбаатарыг Хяналтын хорооны даргаас чөлөөлөх аж. Түүний хувьд өнгөрсөн өдрүүдийн намын хагарлын үеэр эв нэгдлийг хангаж ажиллалгүй хэт нэг талыг барьсан гэх шүүмжлэлд өртсөн юм. Тиймээс эл үндэслэлээр түүнийг чөлөөлөх асуудлыг хөндөх бололтой. Дээрхээс гадна түүнийг чөлөөлөх хуулийн хэд, хэдэн үндэслэл бий. Тодруулбал, тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-ын жагсаалтын 11-т бичигдэн УИХ-ын гишүүн болсон бөгөөд УИХ-ын гишүүн мөн Ёс зүй, дэгийн дэд хорооны даргаар ажиллаж байна. Үндсэн хуулийн 29.1-т "Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй" гэсэн байдаг.
Тиймээс Б.Баярбаатар нь Үндсэн хуульд заасны дагуу МАН-ын Хяналтын хорооны даргын орон тооны ажлаа хүлээлгэн өгөх ёстой. Цаашлаад МАН-ын дүрэмд "МАН-ын Хяналтын хорооны дарга нь орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал хавсарч болохгүй" гэж заасан байдаг. Тиймээс түүнийг чөлөөлөх нь.