Хэн, хэнийгээ хүлээн зөвшөөрөөгүй, хэрүүлтэй Бага хурлын дараа улс төрийн хүрээнд өрнүүлсэн замбараагүй үйл явдалтай холбоотойгоор Ерөнхийлөгчийн өрөөнд "Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын аль нь ч легимтгүй боллоо. Их хурлаар дундын хувилбар гаргаж ирж нэр дэвшүүлье" гэх яриа болсон гэдэг.
-ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ГУРВУУЛХНАА УУЛЗСАН УУЛЗАЛТААР Г.ЗАНДАНШАТАР, Д.АМАРБАЯСГАЛАН НАРЫН ХЭН, ХЭН НЬ НЭРЭЭ ТАТАХАА МЭДЭГДЖЭЭ. ОДОО Д.АМАРБАЯСГАЛАНГ ХҮЛЭЭЖ БАЙНА -
Яг тэр дагуу Бага хуралд нэрээ дэвшүүлээд ялагдсан гэх Ерөнхий сайд Г.Занданшатар, ялсан гэх Д.Амарбаясгалан нар нэрээ татахаар тохирсон байна. Өчигдөр орой Ерөнхий сайд Г.Занданшатар нэрээ татаж буйгаа албан ёсоор мэдэгдсэн. МАН-ынхан одоо Д.Амарбаясгалангийн мэдэгдлийг хүлээж байгаа бөгөөд тэрбээр ч мөн "мэдэгдэл гаргана" гэж хэлсэн гэх. Хөшигний ард бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нартай уулзаж, "намын нэр хүнд, 2028 оны сонгууль гээд том эрх ашгаа бодъё. Одоо нөхцөл байдлыг үргэлжлүүлбэл гэрээ шатаах нь. Эв эеэ бодъё" гэдгийг сануулсан байна.
Д.Амарбаясгалангийн хувьд Их хуралд нэрээ дэвшүүлж, эцсээ хүртэл үзээд дуусах төлөвлөгөөтэй байсан ч хүч хавсрах найз Д.Оюун-Эрдэнэ нь түүнийг аль хэдийн хаяж орхиод Ерөнхийлөгч дээр очиж "хадгаа" барьсан байна. Л.Оюун-Эрдэнэтэй нийлэхгүй бол хүч хүрэхгүй байсан Д.Амарбаясгалан өнгөрсөн өдрүүдэд найзынхаа олон жилийн өмнө хэвлэлд өгсөн янз бүрийн "тэнэг" гэх яриаг тасдан сошиалд шидэж өгсөн нь ч ийм учиртай байж. Тийм ч учраас тэрбээр нэрээ татахыг хүлээн зөвшөөрчээ.
-ӨЧИГДӨР ШӨНӨ МАН-ЫН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ-
Энэ дагуу Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар нэрээ татахаа мэдэгдэж түүний оронд өнгөрсөн өдрүүдийн үйл явдлаар шарх бага авсан, нэр хүнд сайтай гэдэг шалгуураар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг нэр дэвшүүлэхээр эрх баригч намын удирдлагууд тохироод байна.
Өчигдөр шөнө МАН-ын Бодлогын зөвлөл хуралдсан бөгөөд Н.Учралыг ганцааранг нь зүтгүүлэх үү гэх хувилбарыг ч ярьсан байна. Гэхдээ тэдэнд тооцоолсон нэг хувилбар байгаа нь нөгөө талаас Х.Нямбаатар нэрээ дэвшүүлж магадгүй тухай. Түүнд нийслэлийн нам бүтнээрээ, зүүн аймгуудынхтай байна. Хэрвээ тэр нэр дэвшвэл басаж болохгүй том хүч юм. Түүнийг нэр дэвших эсэх одоогоор битүү байгаа бөгөөд МАН-ынхан ч дотроо магадгүй хэмээн хүлээж байгаа аж. Мөн тооцоолоогүй нэг хувилбар нь хэрвээ Х.Нямбаатар нэр дэвшиж байгаа юм бол яагаад би болохгүй гэдэг үүднээс Ж.Энхбаяр ч нэрээ дэвшүүлж магадгүй талаар мөн өчигдрийн уулзалтаар ярилцжээ.
-Н.УЧРАЛ 2027 ОН ХҮРТЭЛ УИХ-ЫН ДАРГАА ХИЙЖ, Г.ЗАНДАНШАТАР 2027 ОНД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИНЭ-
Ямартай ч тохироо ёсоор Н.Учралаа намын даргад өрсөлдүүлж, ялбал УИХ-ын дарга болгоно харин Г.Занданшатараа 2027 он хүртэл нэр хүндтэй ажиллуулж байгаад Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ гэх хувилбар өнөөдрийн байдлаар яригдаж байна. Харин тэр үед Засгийн газрыг Н.Учрал удирдаж, 2028 онд намаа сонгуульд авч орох нь. Энэ хүртэлх тохироонд АН байхгүй байгаа бөгөөд дангаараа Засгийн газраа бүрдүүлээд ажиллая гэдгээр тохирчээ. АН-ыг тохирооноос гаргасан учир тэдний улс төр ч ойрд идэвхжиж магадгүй юм. Сануулахад, МАН-ын Их хурал энэ амралтын өдөр /2025.11.15,16/ 2000 гаруй төлөөлөгчтэйгөөр хуралдах билээ.