О.Халиун: "Miss Friendship International 2025" тэмцээний тэргүүн титмийн эзэн болж 92 настай эмээгийнхээ мөрөөдлийг биелүүлсэндээ баяртай байна

О.Халиун: "Miss Friendship International 2025" тэмцээний тэргүүн титмийн эзэн болж 92 настай эмээгийнхээ мөрөөдлийг биелүүлсэндээ баяртай байна

Сити их сургуулийн Гоо сайхны ухааны сургуулийн арьс гоо, заслын 4-р курсийн оюутан О.Халиун БНХАУ-д зохион байгуулагдсан "Miss Friendship International 2025" тэмцээний ялагч болж, тэргүүн титмийн эзэн болсон билээ. Тэрээр өнгөрсөн даваа гарагт эх орондоо ирээд байгаа бөгөөд түүнийг энэ удаагийн “SocialID” буландаа урьж цөөн хором ярилцлаа.

ВИДЕО:

"ДЭЛХИЙН ЭВ НАЙРАМДЛЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОНО ГЭДЭГ АМЖИЛТ БАЙЛАА"

-Уншигчдад маань өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу. Isee.mn сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Отгонжаргалын Халиун гэдэг. Би одоо 23 настай. Найман охинтой айлын хоёр дахь охин болж төрсөн. Сити их сургуулийн төгсөх курсийн оюутан.

-Таныг мисс болох замнал хаанаас эхлэлтэй вэ. Юу хамгийн их нөлөөлсөн юм бол?

-Ер нь бол миний эмээгийн хүсэл байсан. Анх 2017 онд эмээ минь намайг “Шилмэл загвар модель агентлаг”-т оруулснаар эхэлсэн. Улмаар тус агентлагт гэрээт моделиор ажиллаж байсан. Тэгээд л тэмцээн, уралдаанд орж эхэлсэн. 2019 оноос хойш миссийн карьераа илүү хөөсөн. Бүх л тэмцээнд алгасалгүй орсон. Тухайлбал, Miss Mongolia, Student Miss зэрэг эх орондоо болж байгаа бүх тэмцээнд орж, амжилт үзүүлсэн. Энэ жилийн хувьд "Miss Friendship International 2025" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, гайхалтай титмийн эзэн болсондоо маш их баяртай байна.

-Энэ удаагийн тэмцээний талаар.

-Энэ тэмцээн бол дэлхийн эв найрамдлын тэмцээн гэж явдаг. Дэлхийн 60 орны миссүүдтэй өрсөлдсөн. Мөн найз нөхөд болж явж байлаа. Нийт 25 хоног үргэлжилсэн. 25 хоног өдөр шалгаруулалт явуулдаг байсан. Сайхан аялал, сайхан дурсамж байлаа.

-Зөвхөн тэргүүн титэм бус хэд хэдэн номинацийн эзэн болсон байсан?

-Супер модель гэдэг тэмцээнд оролцож, нэгдүгээр байранд шалгарсан. Тэгээд аймар их баярласан байсан. Ер нь энэ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно гэдэг нэр төрийн хэрэг байсан. Гэтэл финалын шатанд ялагч бол Монгол хэмээн дуудахад зүрх зогсох шахсан. Үнэхээр гайхалтай мэдрэмж байсан.

"МОНГОЛ ХАТНЫ ХУВЦАС ХҮН БҮРИЙГ ГАЙХШИРУУЛСАН"

-Аливаа миссийн тэмцээнд Монгол үндэсний хувцас ялгардаг шүү дээ. Энэ удаа ямар хувцас өмссөн бэ?

-Оролцогчид бүгд өөр өөрийнхөө өв соёл, уламжлал, ёс заншил шингэсэн үндэсний хувцсыг өмсдөг. Миний хувьд Монгол хатны улаан дээл өмссөн. Хатны дээлийг маань харсан хүн бүр гайхширч байсан. Тэр сүрлэг том малгай, хувцас бол үнэхээр бахархахгүй байхын араггүй байсан. Тэгээд үндэсний хувцас маань мөн шилдэг үндэсний хувцсаар шалгарсан байгаа.

-Ялагчийн титэм зүүх үед юу бодогдож байсан бэ?

-Энэ титмийг зүүх ёстой хүн байсан гэж надад итгэж өгсөн шүү дээ. Тийм учраас маш их үүрэг, хариуцлага мэдэрч байсан. Энэ итгэлийг дааж, илүү их өсөж, дэвшиж хөгжих ёстой хэмээн бодож байсан. Өнөөдөр би нэг хэл мэддэг байсан бол 2-3 хэл нэмж мэдэх ёстой юм байна. Мөн илүү их суралцах ёстой юм байна гэж бодсон. Гэрээгээр хүлээсэн үүрэг бол олон улсын өмнө хүлээх үүрэг хариуцлага юм.

-Ямар гэрээ байгуулсан бэ?

-Энэ тэмцээнд ялснаар гурван жилийн гэрээ байгуулсан. Тус гурван жилийн хугацаанд Тайланд, Филиппин зэрэг улсад зар сурталчилгаанд оролцоно. Мөн  Азийн зарим орнуудын загварын шоу зэрэгт оролцох ёстой. Мөн энэ хугацаанд ямар нэгэн тэмцээнд оролцох боломжгүй байгаа.

"МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ҮНЭХЭЭР ҮЗЭСГЭЛЭНТЭЙ"

-Таныг мисс болоход хамгийн их нөлөөлсөн хүн эмээ нь юм байна. Их баярласан байх.

-Манай гэр бүл маш их баярласан. Ялангуяа, эмээгийн маань мөрөөдөл байсан. Эмээ маань одоо 92 настай. Анх загварын гоё, хөөрхөн охин болоорой гээд загварт хөтлөөд аваачиж байсан хүн. Тэгээд миний эмээ, ээж бүгд маш их уйлсан. Миний эмээ финалын догдлоод унтаж чадаагүй гэсэн.

-Дэлхийн 60 орны үзэсгэлэнт эмэгтэйчүүдтэй өрсөлдсөн хүний хувьд Монгол эмэгтэй хүний онцлог юу юм байна гэж бодсон бэ?

-Монгол эмэгтэйчүүд үнэхээр гайхалтай. Гайхалтай үзэсгэлэнтэй.  60 гаруй улсын бүсгүйчүүд бүгд аймар хөөрхөн байсан. Бүгд л өндөр хамартай, том алаг нүдтэй. Тэгсэн хэр нь тэр миссүүд намайг ямар хөөрхөн царайтай юм бэ гээд хэлэхэд би их баярласан. Тэр үед би гэхээс илүү бид үнэхээр хөөрхөн гэж омогшиж байсан.

-Мисс хүнийг зөвхөн гоё сайхнаар бус оюун ухаан, боловсрол, нийгэмд чиглэсэн олон зүйлээр шалгаруулдаг шүү дээ.Үүнийг Монголчууд нэг үеэ бодоход сайн ойлгодог болсон санагддаг.

-Тийм шүү. Нэг үеэ бодоход маш сайн ойлгож дэмждэг болсон. Би мисс хүнийг гоё хувцас өмсөж, нүүрээ сайхан будсан эмэгтэйг хэлдэггүй гэж боддог. Бүх эмэгтэйчүүдийн нүүр царай болж байгаа. Тэгэхээр дотоод гоо үзэсгэлэнгээрээ илүү гялалздаг байгаасай гэж боддог. Угаасаа манай Монгол эмэгтэйчүүд бүгдээрээ ухаалаг, боловсролтой. Тийм ч учир бусад орны миссүүдээс ялгардаг байх гэж боддог.

-Сургуулийн хамт олон нь халуунаар угтаж авчээ. Танд ямар санагдав?

-Сити Их Сургууль бол миний ард бол бат зогсож байсан. Миссийн тэмцээнд явахад маш их хэмжээний зардал гардаг. Гэтэл бидэнд төр, яам зэргээс ямар нэг дэмжлэг байдаггүй шүү дээ. Харин Сити их сургууль маань бүх талаар дэмжсэн. Миний бие Сити Их Сургуулийн  бүрэлдэхүүн сургуулийн гоо заслын танхимийн оюутан байгаа даа маш их баярладаг. Манай танхимаас маш олон гайхалтай гайхалтай эмэгтэйчүүд төрөн гарсан. Ийм харьяалагдах газартай байна гэдэг нь өөрөө аягүй гайхалтай зүйл. Сити их сургууль болон гоо заслын танхимын нийт багш эрхлэгч нартаа бас маш их баярлалаа гэж хэлмээр байна.

-Ярилсанд баярлалаа.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө