Н.Учрал: Намын анхан шатны гишүүдийнхээ итгэл, хариуцлагыг бодит үйл хэрэг, үр дүнгээр хариулахын төлөө хичээн ажиллана

Н.Учрал: Намын анхан шатны гишүүдийнхээ итгэл, хариуцлагыг бодит үйл хэрэг, үр дүнгээр хариулахын төлөө хичээн ажиллана

Монгол Ардын Намын Удирдах ажилтны бүсийн зөвлөгөөн өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 19-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод эхэллээ.

Хангайн бүсийн зөвлөгөөнд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Хангайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн намын хороодын удирдлага, сум, багийн анхан шатны байгууллагын төлөөлөл, Засаг дарга, ИТХ-ын дарга болон дэргэдэх байгууллагын 500 орчим төлөөлөгч оролцож байна. Зөвлөгөөнийг МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нээж, намын анхан шатны байгууллагын удирдлагуудтай уулзаж, гишүүдийн санал хүсэлтийг сонсох, тэдгээрийг төр, засгийн бодлого шийдвэрт тусгах нь зөвлөгөөний гол зорилтын нэг болохыг онцоллоо. Тэрбээр МАН-ын 31 дүгээр Их хурлаас дэвшүүлсэн зорилт, чиглэлийг хэрэгжүүлж, гишүүдийн идэвх, оролцоонд тулгуурласан нээлттэй, шинэчлэгдсэн намыг төлөвшүүлэхийн төлөө ажиллаж байгаагаа тэмдэглэв. Мөн намын даргын хувьд өнгөрсөн хугацаанд 13 аймаг, нийслэлийн бүх дүүргийн анхан шатны намын дарга нартай уулзаж, санал хүсэлтийг нь сонссон бөгөөд цаашид орон нутгийн намын байгууллагуудтай нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар 2025 оны МАН-ын 31 дүгээр Их хурлаас хойших намын үйл ажиллагааны тайланг танилцуулж, бодлогын хэрэгжилт, гишүүнчлэлийн шинэчлэл, цахим шилжилт болон орон нутгийн намын байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд 17 аймгийн 247 сум, найман тосгонд ажиллаж, нийт 22,385 гишүүн, дэмжигчтэй уулзан, 653 санал, хүсэлт, шүүмжийг бичгээр хүлээн авсан талаар мэдээлэв. Үүнээс Хангайн бүсийн Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгаас 9,930 хүн уулзалтад оролцсон нь улсын хэмжээнд хамрагдсан нийт иргэдийн 44 хувийг эзэлж байна. Хангайн бүсийн зөвлөгөөнөөр гишүүд, иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг үндэслэн орон нутагт ажлын байр бий болгох, багш эмчийн хомсдолыг бууруулах, тэтгэврийн бодлого, малын түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулах, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Мөн бүсийн намын байгууллагуудад дараагийн 90 хоногт хэрэгжүүлэх таван чиглэлийг танилцуулсан бөгөөд эв нэгдлийг хангах, гишүүн бүртэй хүрч ажиллах, гишүүдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зэрэг зорилтыг дэвшүүлжээ. Энэ хүрээнд үүрэг, хариуцлагыг анхан шатнаас бус удирдах түвшнээс эхлэн чангатган ажиллахаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар онцолсон байна. Зөвлөгөөний үеэр Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн МАН-ын хороодын тайлан, илтгэлийг сонсож, бүсийн бодлогын хороодын салбар хэлэлцүүлгээр орон нутгийн хөгжлийн болон бодлогын асуудлуудыг хэлэлцэж байгаа юм. Хангайн бүсийн зөвлөгөөнөөр намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, гишүүдийн санал хүсэлтийг сонсох, орон нутагт хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойлох асуудлуудыг хэлэлцэж байна.




Өнөөдөр бич өдөр

7 цагийн өмнө