Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл өнгөрсөн тавдугаар сарын 26-ны /2026.05.26/ өдөр хуралдсан. Энэ үеэр хуралдаанд оролцогчид "Хүүхдүүд зуны амралтаараа чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин дутмаг байгааг тодотгоод ЕБС-ын спорт болон урлаг заалыг зуны амралтын хугацаанд үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг Ерөнхий сайдад уламжилсан байдаг.
Энэ талаар Монголын хүүхдийн зөвлөлийн тэргүүн Б.Дашням "Урлаг, спорт заалыг хүүхдүүд үр дүнтэй ашиглаж чадаж байна уу гэдэг асуудал дээр сурагчдаас судалгаа авахад судалгаанд хамрагдсан 15 мянга гаруй хүүхдээс ердөө 21.6 хувь нь заалаа ашиглаж чаддаг гэсэн бол үлдсэн 78.4 хувь нь урлаг, спортын заалаа ашиглаж чаддаггүй гэх хариултыг өгсөн. Уг нь сургуулиудын 95 хувь нь заалтай. Харин сурагчдын зүгээс спорт зааланд хичээлийн бусад цагаар тоглох гэхээр "Заалаа өөр хүмүүс, албан байгууллагад түрээсэлсэн. Тиймээс сурагчдад ашиглах цаг гардаггүй. Мөн хүүхдүүд хичээлийн бус цагаар спорт заалыг төлбөртэй ашиглуулдаг бөгөөд нэг цагийн заалны төлбөр 50-80 мянган төгрөг байдаг учир заал ашиглах боломж хомс байдаг" гэдгийг онцолсон.
Энэ дагуу Ерөнхий сайд Н.Учрал “Сурагчдын зуны амралтын хугацаанд ерөнхий боловсролын сургуулиудын спорт заалыг хүүхэд, залууст үнэ төлбөргүй, нээлттэй ашиглуулах"-ыг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд даалгасан юм. Тэгвэл Ерөнхий сайд Н.Учралын энэхүү шийдвэр бодит байдал дээр бүрэн хэрэгжиж байгаа эсэхийг бид сурвалжиллаа.
ВИДЕО:
-МӨНГӨӨР БОЛ ЗААЛ АШИГЛАЖ БОЛНО. НЭГ ЦАГИЙН ТӨЛБӨР НЬ СУРАГЧДАД БОЛ 60 МЯНГААС 100 МЯНГАН ТӨГРӨГ-
Ерөнхий боловсролын сургуулиудын бага болон дунд ангиудын хичээл хаагдаж, зуны амралт эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Энэ ч утгаараа хүүхэд багачууд чөлөөт цаг ихтэй байгаа. Гэтэл тэдний чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нийслэлд үнэндээ хуруу дарам цөөн байна. Тэд гудамж харгуй, байрны тоглоомын талбай бараадан гүйлдэхээс өөр дорвитой тохилог орчин алга. Гэтэл Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгавар болох ЕБС-уудын заалыг хүүхдүүдэд үнэ төлбөргүй ашиглуулах шийдвэр ч хэрэгжихгүй, сургуулиудын заал "хаалттай" хэвээр байна.
Тухайлбал, хотын төвийн дүүрэг болох Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хэд хэдэн Ерөнхий боловсролын сургуулиар ороход ихэнх нь “засвар хийж байгаа, намраас наашгүй, хүүхдүүд тоглуулах хүн байхгүй бүгд амарчихна, ямар ч үндэслэлгүй шийдвэр, хүүхдүүд оруулаад эхэлбэл хайран засвар болно” гэх зэрэг тайлбар өгч байв. Мөн нэр бүхий сургуулийн спорт заал хариуцсан ажилтан “Манайд үнэгүй заал гэж байхгүй. Хэрэв ашиглах бол төлбөртэй. Хүүхдүүдийг үнэгүй тоглуулаад явж байдаг хэн байсан юм. Мөнгөөр бол болно. Нэг цагийн төлбөр нь сурагчдад бол 60 мянгаас 100 мянган төгрөг” гэх хариултыг өгч байлаа.
Сургуулийн спорт заалнуудыг зуны улиралд ихэвчлэн түрээсээр ашиглуулж, тодорхой хэмжээний орлого олдог. Харин үнэ төлбөргүй ашиглуулах шийдвэр гарсанд зарим сургуулийн хувьд тааламжгүй байгаа бололтой. Гэсэн ч ЕБС-ийн үндсэн зорилго нь ашиг олохоос илүү хүүхэд, залуусын хөгжлийг дэмжихэд оршдог. Тиймээс төрөөс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхгүй шалтаг хэлж байгаа нь хамгийн гол зорилгоо мартаад байна уу гэлтэй.