Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн худ Н.Ариунаа УДШ-д ханджээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн худ Н.Ариунаа УДШ-д ханджээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охиндоо бэлэглэсэн тансаг бэлэг болон нисдэг тэрэг хөлөглөн Булган аймагт байрлах өртөг өндөртэй амралтын газрыг түрээслэн гэрлэх санал тавьсан гэх мэдээлэл өнгөрсөн тавдугаар сард /2025.05/ нийгмийн анхааралд орж, улмаар иргэд Л.Оюун-Эрдэнийг эсэргүүцэн "Огцрох амархан" жагсаалыг Төв тайлбайд зохион байгуулж байв.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тэргүүний суудлаасаа бууж байсан бөгөөд хууль хяналтын байгууллага өдгөө хөрөнгө орлоготой нь холбоотой, нэгдмэл ашиг сонирхолтой гэх хүмүүсийнх нь хэргийг шалгаж байгаа гэх мэдээллийг өгч буй. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн найз охин Ө.Өгөөмөртөө өгсөн тансаг зэрэглэлийн бэлэгний асуудал олны эсэргүүцэлтэй тулгарах үеэр Ө.Өгөөмөрийн аав Ч.Өгөөдэйбаатар хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Би Вержиниа мужийн бүртгэлтэй "Хүннү роуд" ХХК гэх компанитай. Бизнес эрхлээд 27 жил болсон. Охиндоо автомашин авч өгч, төрсөн өдрөөр цүнхний мөнгө шилжүүлсэн" хэмээн ярьж, олны анхааралд орсон байдаг. Харин олон нийтийн сүлжээнд түүнийг бусдаас зуслангийн газар дээрэмдэж, шүүхээр орж байсан. Эхнэр Н.Ариунаа нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн. Хэрэг нь шүүхээр эцэслэгдээгүй байгаа" гэх мэдээлэл гарч байв. 

-Н.АРИУНААГ ДАХИН ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОН ХӨДӨЛМӨРИЙН ЭРХИЙН ЗӨРЧИЛ ГАРГАХ МАГАДЛАЛТАЙ ХЭМЭЭН АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛСӨН БАЙНА-

Тэгвэл Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охин Ө.Өгөөмөрийн ээж Н.Ариунаагийн захиргааны хэргийн маргаан Улсын Дээд шүүхэд "очжээ".

Тодруулбал, Н.Ариунаа нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд энэ хугацаандаа албан хаагчдиддаа ажлын байрны дарамт үзүүлсэн, журмаар тусгайлан олгоогүй эрхийг хэрэгжүүлсэн зэрэг асуудалд холбогдсон байна. Тиймээс Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дарга тушаал гаргаж, түүнийг ажлаас нь чөлөөлжээ. Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн Б/24 дугаараар “Н.Ариунаад төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалын 1 дэх заалтаар  “…Хуульд нийцээгүй шийдвэр удаа дараа гаргасан, төрийн албан хаагчид ажлын байрны дарамт үзүүлсэн, хууль, журмаар тусгайлан олгоогүй эрхийг хэрэгжүүлэн 2024 оны А/12 дугаар тушаалаар “Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын Хариуцлагын талон мөрдөж, ажил журам” баталсан зөрчил дахин гаргасан” гэж нэхэмжлэгч Н.Ариунаад “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан байна.

-Н.АРИУНАА НЬ ХУУЛЬ БУСААР АЖЛААС ХАЛАГДСАН ХЭМЭЭН МАРГАЖЭЭ-

Харин Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга асан Н.Ариунаа нь "Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга намайг хуульд заасан зөрчил үйлдсэн гэдгийг хангалттай нотлоогүй атлаа Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэлийн хамгийн хүнд хэлбэр болох төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулж байгаа нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд халдсан хууль бус шийдвэр болсон. Төрийн албанаас үндэслэлгүйгээр халсны улмаас миний бие төрийн албанд дахин ажиллах боломжгүй болж миний мэргэжлийн нэр хүндийг ноцтойгоор унагаж, ажил амьдрал, эрүүл мэнд, сэтгэл санаанд минь нөхөж баршгүй хохирол учруулсан. Маргаан бүхий тушаал нь бодит байдалд нийцэхгүй, хуульд нийцээгүй бөгөөд миний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон төдийгүй, олон жилийн туршид хөдөлмөрөө зориулсан миний нэр хүнд, мэргэжлийн замналыг үгүйсгэсэнд миний бие туйлын их гомдолтой байна ...” гэх зэрэг агуулгаар маргаж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 

Харин хариуцагч Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч "Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргаар ажиллаж байсан Н.Ариунаагийн албан хаагчдиддаа ажлын байрны дарамт үзүүлдэг байсныг Хүний эрхийн Үндэсний комисс тогтоосон. Тухайн хүн нь алдаа дутагдал гаргасан атал үүнийгээ ойлгож ухамсарлахгүй байгаа нь цаашид дахин хүний эрхийн, хөдөлмөрийн эрхийн зөрчил гаргах магадлалтай гэж үзсэн. Тиймээс төрийн албанаас халах шийтгэлийг оногдуулсан" болохыг тайлбарлажээ. 

-Н.АРИУНААГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛСӨН НДЕГ-ЫН ДАРГЫН ТУШААЛЫГ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ "ЗӨВ" ГЭЖ ҮЗЖЭЭ-

Улмаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс "Нэхэмжлэгч Н.Ариунаагийн гаргасан нэхэмжлэлд дурдсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн “Н.Ариунаад төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/24 дугаартай тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл хоёр сарын хугацаатай түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан байна. 

Харин Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх "Н.Ариунаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гэрэлмаагийн давж заалдах гомдлыг хангаж" шийдвэрлэжээ. Гэсэн ч Н.Ариунаа нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Улсын Дээд шүүхэд гомдол гаргаад байгаа аж. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно. 




Өнөөдөр бич өдөр

8 цагийн өмнө