Банк бус санхүүгийн байгууллагыг 200 саяар торгосон нь шударга ёсны зарчимд нийцээгүй гэж шүүх үзжээ

Банк бус санхүүгийн байгууллагыг 200 саяар торгосон нь шударга ёсны зарчимд нийцээгүй гэж шүүх үзжээ

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагч “М” ХХК-ийн “М” /m/ гүйлгээний цахим систем /application/-ээс зээл авсан иргэн нь “...уг зээлээ банк хоорондын гүйлгээгээр шилжүүлэн авч ашигласны дараа тухайн өдөртөө буцаан төлөхөөр хандсан боловч системийн тохиргооны улмаас тухайн өдрийн 00 цагаас өмнө төлөх боломжгүй нөхцөл үүссэн” гэх асуудлыг шалгаад “зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ зээлдэгчид хуурамч ташаа мэдээлэл өгөх, төөрөгдүүлэхгүй байх журмын заалтыг зөрчсөн” үндэслэлээр тус байгууллагыг 200 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Шүүх, “зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ зээлдэгчид хуурамч ташаа мэдээлэл өгөх, төөрөгдүүлэхгүй байх журмын заалтыг зөрчсөн” гэж шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж дүгнэсэн. Учир нь: Энэхүү төлбөр төлөх системийн тохиргоо нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25.1-д “Зээлдэгч зээлийн гэрээгээр тохиролцсон хугацаанаас өмнө хэдийд ч зээлийн гэрээний үүргээ бүхэлд нь болон хэсэгчлэн гүйцэтгэж болно” гэж заасанд нийцээгүй боловч хуульд зээлийг зээлдэгчийн дансанд шилжүүлж, зээлдэгч түүнийг захиран зарцуулах эрх үүссэнээр зээл олгосон хугацааг тоолж эхлэх, зээлийг ашигласан хугацаанд хүү тооцох, хүүг хоногоор тооцохоор зааснаас гадна зээлийн хүү, хугацаа тоолох арга журмаа талууд гэрээгээр тогтоосон байна.

Үүнээс үзвэл иргэн авсан зээлээ тухайн өдөртөө төлсөн ч ашигласан хугацааны хүүг 1 хоногоор тооцон төлөх үүргээс зээлдэгч чөлөөлөгдөхгүй тул зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчсөн гэх боломжгүй. Харин зээлийг авсан өдрөө буцаан төлөх боломжийг хязгаарласнаас үүссэн гэх 1 хоногийн хүүнд зээлдэгчээр 542 төгрөг төлүүлсэн зөрчлийн үр дагавартай харьцуулахад тус банк бус санхүүгийн байгууллагыг 200 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцээгүй гэж шүүх үзлээ.