С.Чинзориг: Ажилчдын нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн гэсэн бичилт хийгдэнэ

С.Чинзориг: Ажилчдын нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн гэсэн бичилт хийгдэнэ

Засгийн газраас аж, ахуй нэгж, ажилчдыг дэмжих чиглэлд долоон арга хэмжээ авч ажиллахаар болсныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдсэн.

Тодруулбал,

  1. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл НДШ-ийг бүрэн тэглэх шийдвэр гаргасан.
  2. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй.
  3. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл 1.5 тэрбум төгрөг орлоготой ААН-ийг орлогын албан татвараас бүрэн чөлөөлсөн.
  4. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл хүндэрсэн ААН-үүд ажлын байраа хадгалвал сар бүр урамшуулал олгоно.
  5. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл малчдаас ноолуур худалдан авах зорилгоор 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээл олгоно.
  6. 18 нас хүртэлх бүх хүүхдэд сар бүр олгож байгаа 20 мянган төгрөг дээр нэмж 10 мянган олгохоор боллоо. Гурван сар үргэлжилнэ.
  7. Дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн шатахууны үнийг литр тутамд ньь 200-300 төгрөгөөр буулгахаар болсон.

Үүнтэй холбоотойгоор ажилчдын нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх үү, 200 мянган төгрөгийн урамшууллыг ямар аж, ахуй нэгжүүдэд олгох вэ зэрэг асуултыг иргэдийн зүгээс тавьж байгаа юм.. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодрууллаа.

-Зургаан сарын хугацаанд ажилтны нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх үү?

-Нэгэнт Засгийн газрын шийдвэр гарсан учир ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлснөөр тооцож дэвтэрт нь бичилт хийнэ. Тэгэхгүй бол ажилтан тэтгэвэрт гарах үед нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт зургаан сараар тасарсан гэж гарч ирнэ.

Ажил олгогчийг болон ажилтныг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж буй учраас энэ хугацаанд ажил олгогчид ажлын байрны цомхотгол хийхгүй байх, цалинг нь бууруулахгүй байх үүргийг Засгийн газар өмнө хүлээж байна.

Хувиараа хөдөлмөр эрхэлж буй 250 мянган иргэн бий. Эдгээр иргэдийг нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зургаан сарын хугацаанд мөн чөлөөлж байгаа. Хувиараа хөдөлмөр эрхлэгчийн нийгмийн хамгааллыг нь дордуулахгүй байх үүднээс зургаан сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хэмээн тооцож дэвтэрт нь бичилж хийнэ. Хувийн хэвшлийн ажил олгогч нарт тулгарч буй бэрхшээл, хүндрэлийг хөнгөлөх үүднээс энэхүү хөнгөлөлтийг зөвхөн хувийн хэвшлийн аж, ахуй нэгжүүдэд олгож байгаа. Төсвийн байгууллагын ажил олгогч нь Засгийн газар. Засгийн газрын зүгээс төсвийн байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулж, ажлын байрны цомхотгол хийхгүйгээр, цалинг нь бууруулахгүйгээр  явах боломжтой гэж үзсэн учраас төрийн ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөхгүй.

Харин хувь хүний орлогын албан татвараас зургаан сарын хугацаанд чөлөөлнө. Энэ шийдвэр төрийн болон хувийн байгууллагад ажилладаг бүх хүнд хамаарна.