НИТХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр /2020.03.31/ Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд шаардлага хүргүүлж, мэдэгдэл хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 27-нд эдийн засгийг дэмжихэд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдэгдэл хийсэнтэй холбоотойгоор НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс Хотын даргад мэдэгдэл хүргүүлсэн юм.
Уг мэдэгдэлд, Засгийн газар ХАОАТ болон нийгмийн даатгал шимтгэл 6 сар авахгүй байхаар шийдвэрлэсэн байдаг. Энэ нь Улаанбаатар хотын төсөвт ихээхэн хүндээр тусна, мөн нийслэлийн төсөв тасарна гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Нийслэлийн төсөв 2020 онд 1.2 их наяд үүнээс 60 хувь буюу 700 гаруй тэрбум төгрөг нь ХАОАТ-аас бүрддэг. Зургаан сар авахгүй бол 350 тэрбум төгрөгөөр хотын төсөв тасарна гэсэн санаа илэрхийлж байна. Мөн эхний хоёр сар гэхэд 100 гаруй тэрбум төгрөгөөр тасарчхаад явж байна. Иймд нийслэлийн төсөвт нэн шаардлагатай тодотгол хийж, НИТХ-д оруулж шийдүүлэх шаардлага тавьж байна.
Мөн Хотын төсөв 2020 онд улсад 319 тэрбум төгрөг, хотын урсгал зардалд 570 орчим тэрбум төгрөг, 2020 онд 360 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байсан ч өнөөдрийн нөхцөл байдалтай холбоотойгоор төсөв тасалдахад хүрч байна. Мөн олон цагаар ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилчид, Мэргэжлийн хяналтын байцаагч, албан хаагчид, цагдаагийн ажилчдаа урамшуулах нь чухал. Нэн шаардлагатай хөрөнгө оруулалтаа хийж, ашиггүй зардал танаж, цаашид шаардлагатай төсвөө хэрхэн бүрдүүлэх талаар авах арга хэмжээгээ тодорхой болгохыг Хотын дарга С.Амарсайханаас шаардаж байна гэлээ.
Нийслэлийн Ардчилсан намын дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга "Өнөөгийн байдлаар шаардлагагүй зардлуудыг яаралтай танах хэрэгтэй гэж үзэж байна. Аялал жуулчлал зогсчихсон байхад Зүүн Азийн аялал жуулчлалын төв болох гээд төсөв тавьсан байгааг хэрэггүй зардал гэж үзээд байгаа юм. Нийслэлийн 2020 оны төсөвт нийт нэг их наяд 211 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төсөвлөсөн. Орлогын бүрдүүлэлтийн 60 орчим хувийг зөвхөн ХХОАТ бүрдүүлдэг. Гэвч Ерөнхий сайд 1.5 тэрбумаас доош орлоготой ААН-үүдийн Орлогын албан татварыг зургаан сарын хугацаанд чөлөөлнө гэж мэдэгдсэн нь нийслэлийн төсвийн 50 хувь нь бүрдэхгүй байх нөхцөл бүрдүүлж байна. Орлого бүрдүүлэх эх үүсвэр нэгэнт тасалдах учир улсын төсөвт нийслэлийн төсвөөс төвлөрүүлэх 319.4 тэрбум, урсгал зардлыг санхүүжүүлэх 575.8 тэрбум, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх 362 тэрбум төгрөгийг санхүүжүүлэх боломжгүй боллоо. Тиймээс Нийслэлийн төсвийг яаралтай тодотгож, гадаад дотоод томилолт зэрэг урсгал зардлуудаа танаж хойшлуулж болох хөрөнгө оруулалтуудыг царцаах шаардлагатай гэж НИТХ дахь АН-ын бүлэг үзэж байна" гэлээ.