Ёодэл дууны урсгалаар анх үзэгчдэд танил болсон дуучин П.Баярцэнгэлийг өдгөө найман настай балчраас 80 настай буурал гээд танихгүй, мэдэхгүй хүн үгүй. “Хайр”-ын тухай түүний амилуулсан олон дуу биднийг нандин мэдрэмжээр тэтгэж, хөнгөн гуниглуулж бас хайраар дүүргэдэг. Түүний, “Санахдаа”, “For you”, “Хайрын дуу” зэрэг уран бүтээлийг одоо ч бид дуулсаар. Тэгвэл есдүгээр сарын 6-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Хайр эзэнтэй” тоглолтоо хийх гэж буй түүнтэй бид тоглолтынх нь бэлтгэл дундуур цөөн хором ярилцлаа. Олон хэвлэл мэдээллийн байгууллага түүний гэр бүл, бага нас, мэргэжлийн тухай ярилцсан байдаг. Харин бид энэ удаа түүний хувь хүний үзэл бодол, удахгүй болох тоглолтынх нь талаар ярилцлаа.
ВИДЕО:
-Таны тухай, гэр бүлийн тань тухай, усны дусал шиг ахын тань тухай гээд хэн бүхэн их багаар мэддэг болжээ. Энэ удаа хоёулаа арай өөр сэдвээр ярилцъя. Та уран бүтээл туурвихдаа ер нь ямар зарчим баримталдаг вэ?
-Миний хувьд олон уран бүтээл хийе гэхээс илүүтэй хүнд хүрсэн, мэдрэмж өгсөн бүтээл хийхийг хүсдэг. Ямар ч дуун дээр цаг хугацаа зарцуулж, удаан ажилладаг талтай. Олон дуу хийчхээд сонгож байгаад чанартай уран бүтээлээ олон нийтэд цацах үе ч бий. Надад олон нийтэд хүргээгүй уран бүтээлүүд ч байдаг. Тийм болохоор их удаан цаг хугацааны дараа шинэ уран бүтээл гарч байгаа мэт санагддаг байх. Чимээгүйхэн уран бүтээлээ тасралтгүй хийсээр байдаг. Харин цаг хугацаа зарцуулж, чамбайлан хийсэн уран бүтээлийн зорилго биелж, маш гоё нандин мэдрэмжүүдийг авдаг.
“БИ СОНСОГЧ НАРАА БАЯРЛУУЛЖ, ЦЭНГҮҮЛЭХ ЁСТОЙ. ЭНЭ МИНИЙ ҮҮРЭГ”
-Маш олон хит уран бүтээлтэй болжээ. Таны дууны клипнүүд ер нь их хүч, хөдөлмөр шаардсан санагддаг. Гэхдээ хамгийн дуртай, хамгийн их хөдөлмөр шаардсан уран бүтээл тань юу вэ?
-Бүх дуундаа хайртай бас дуртай. Харин хамгийн их хүч, хөдөлмөр зарцуулсан уран бүтээл бол “Хайр эзэнтэй”. Энэ дуунд маш их цаг зав, хүч хөдөлмөр, энергиэ зарцуулж байж төрсөн. Клипний хувьд дууны агуулгатайгаа наалдаж өгөөгүй. Би түүнийг хүлээн зөвшөөрдөг. Мэдээж, дотроо маш гоё зүйлсийг бодож төсөөлсөн. Гэхдээ дараа нь би тэгж дүгнэсэн. Клиптэй болон клипгүй хоёр хувилбарыг олон нийтэд цацсан. Гэтэл нөгөө лаг, гоё зүйл бодож төсөөлсөн клиптэй хувилбар бус клипгүй хувилбарыг сонсогч нар маань илүү их сонссон байсан.
-Таны дууны ихэнх нь хайрын тухай байдаг. Яагаад заавал хайрын тухай уран бүтээл туурвидаг вэ. Тохиолдол нь ингээд таарчихдаг юм уу?
-Хийж байгаа бүх уран бүтээл маань бүгд л сайн сайхан, гэрэл гэгээтэй зүйлсийн тухай байдаг. Тэр дотор хамгийн сайхан нь хайр орж байгаа шүү дээ. Тийм ч учир миний гаргаж байгаа уран бүтээлүүд хайрын тухай байдаг. Хар бараан зүйлээс зугтаж уран бүтээл хийдэг. Ганц зорилго, чиглэл гэж хэлж болно. Угаасаа амьдалд хар бараан, муухай зүйлс амьдралаар дүүрэн байна шүү дээ. Миний нэр П.Баярцэнгэл. Би үзэгч олноо, намайг сонгодог сонсогч нараа баярлуулж, цэнгүүлэх ёстой. Энэ бол миний үүрэг гэж боддог.
“ХӨДӨЛМӨР, АВЬЯАС ХОЁРЫГ ХОС МОРЬ ШИГ АВЧ ЯВАХ ЁСТОЙ”
-Таны өнөөдрийн амжилт чухам юутай холбоотой вэ?
-Манай Монголчууд үнэхээр авьяастай ард түмэн. Маш гоё дуулдаг залуус олон бий. Гэхдээ хөдөлмөр жаахан дутаад зорьсондоо хүрдэггүй юм болов уу гэж боддог. Хөдөлмөр, авьяас хоёрыг хос морь шиг авч явах ёстой. Тэгж байж л амжилтад хүрэх байх. Бас хүн бодсон зорьсондоо хүрэхэд маш олон золиосыг л гаргадаг юм билээ. Найз нөхөдтэйгөө дарвиж, зугаацаж, тоглож, наргиж явахыг залуу насанд хүн болгон боддог. Мэдээж, гоё цаг хугацаа. Тэр үеийг золиослоод хийх ёстой зүйлээ өдөр бүр тогтмол хийх л хэрэгтэй. Би дадал зуршил гэдэг зүйл бол амжилтад хүрэх гол түлхүүр гэж боддог.
-Залуус би өөрийгөө олж, хайж байна гэж их ярих болж. Таны хувьд юу гэж боддог вэ. Хүн өөрийгөө олдог юм уу эсвэл бүтээдэг юм уу?
-Хүн өөрийгөө бүтээх явцдаа өөрийгөө олдог гэж боддог. Анх уран бүтээл хийгээд явж байхад алдана бас ононо. Тэр бүрийн дараа тодорхой нэг зүйлд хүрдэг. Харин тэр тодорхой зорилготоо хүрсний дараа өөрийгөө мэддэг, ойлгодог болно. Тэгээд л өөрийгөө жаахан олдог юм болов уу гэж боддог. Би бол өөрийгөө олчихсон, ойлгочихсон гэж боддог.
-Таны сонсогчид ямар насныхан байдаг вэ?
-Би өнгөрсөн жил 21 аймгийн аялан тоглолт хийсэн. Тэр тоглолтуудад найман настнаас 80 настай буурлууд маань бүгд ирсэн. Миний албан ёсны пейж хуудасруу хүүхдүүд зурвас их бичдэг. Тэгэхээр миний сонсогч нар хэдэн настай хүмүүс байдгийг би ч мэдэхгүй байна.
-Өнгөрсөн жил 21 аймгийн "Хайр эзэнтэй" тоглолтоо хийж байх үеэр чинь нэг том гэнэтийн бэлэг барьж байсан юм байна. Ямар мэдрэмж байсан бэ?
-Миний 21 аймгийн аялан тоглолт дээр Цоомоо ах, Эрка ах, Наки найз маань гэнэтийн бэлэг барьж байсан. Тэр бол миний зүрх сэтгэлд маш том бэлэг болж, мэдрэмж болж үлдсэн. Яг л түүнтэй ижил урлаг гэхгүй бүх салбарт залуус хамтарч гоё зүйлс хийх хэрэгтэй. Хэн хэндээ маш гоё сэтгэлийг гаргаж байгаасай гэж хүсдэг.
“БИ САЙН ХҮН БАЙХЫГ МАШ ИХ ХИЧЭЭДЭГ”
-Таныг маш сайн аав, сайн хань гэж үнэлж дүгнэдэг. Та өөрийгөө хэр сайн хүн гэж боддог вэ?
-Би сайн хүн байхыг маш их хичээдэг. Надаас илүү сайн хүн байхгүй байх гэж боддог. Ялангуяа, гэр бүлийнхээ өмнө. Хамгийн том аз жаргал бол гэр бүл гэж боддог. Гэр бүлийн харилцаа, хайр бол бидэнд байгаа хамгийн том зүйл. Бидний олж байгаа мөнгө, зорилго, амжилт зэргээс илүүтэй зарцуулж байгаа цаг хугацаа болгоныг гэр бүлдээ зарцуулах ёстой гэж боддог.
-Тоглолт хаяад ирсэн энэ үед гэр бүлдээ цаг зарцуулах завгүй байгаа байх. Энэ өдрүүд хэр завгүй өнгөрч байна
-Тоглолтын үед ямар ч завгүй болдог юм байна. Гэртэй бол таван минут суух завгүй болж байна. Өглөө 10 цагаас тоглолтын бэлтгэл эхэлдэг. Тэгээд л орой болтол тоглолтын бэлтгэл үргэлжилсээр байдаг. Энгийн үед бол гэртэй байх дуртай. Гэр амьтай гэж ярьдаг даа. Тийм хүн.
-2019 онд анхны бие даасан тоглолтоо хийж байсан. Тэр үед ямар дүгнэлт хийж байсан бэ?
-2019 онд Крокуст тоглолт хийж байсан. Ямар ч байсан тэр тоглолт амжилттай болж өнгөрсөн. Гэхдээ уран бүтээлч хүний хувьд хамгийн түрүүнд алдаагаа олж хардаг. Маш олон зүйлсийг анхаарах хэрэгтэй юм байна гэж ойлгож, харж авсан. Тодорхой хэмжээнд сэтгэлээр унах зүйл ч байсан. Нөгөө талд тоглолтын уур амьсгал зэргээс олзуурхах зүйл ч бий.
"ДУУ, АЯЛГУУ МААНЬ ХАЙРААР ДҮҮРГЭЭСЭЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА"
-Энэ удаагийн тоглолтоос юуг хүлээж байна вэ?
Энэ удаагийн тоглолтод “Sspiritoj” продакшны залуус маш гоё ажиллаж байгаа учраас ямар ч стресс, дарамт байхгүй байгаа. Алдаа мадаг ч байхгүй байх болов уу гэж бодож байна. Одоо есдүгээр сарын 6-нд болох “Хайр эзэнтэй” тоглолтоор маш гоё мэдрэмжүүдээр дүүргэе гэж бодож сууна. Жаргалтайгаар тоглолтоо хийхийг хүсэж байна. Цэнгэлдэх дүүрэн миний сонсогчид, алга ташилт, энерги, хамгийн сүүлийн дуугаа дуулах гээд тэр л нандин мэдрэмжийг хадгалж үлдмээр байна.
-Уран бүтээлчид дэлгэц, тайзаараа их өрсөлддөг болжээ. Та ямар бодолтой байдаг вэ?
-Би тайзны том, жижигт санаа зовохгүй. Лед дэлгэцийн зорилго хамгийн арын хүнд л харагдах зорилготой шүү дээ. Тэр зорилгоо л маш сайн биелүүлэх ёстой. Хөгжмийн дуугаралт асар сайн байх ёстой. Миний тоглолтын хамгийн гол онцлог бол амьд хөгжим. Мөн дуу болон аялгуу маань гоё мэдрэмжүүдийг өгч хайраар дүүргээсэй гэж хүсэж байна.