Увс аймгийн Дэглий цагаан нисэх буудал болон ОХУ-ын БНТУ-ын Кызыл нисэх буудлыг холбосон шинэ агаарын замыг энэ сарын 26-нд нээсэн талаар Иргэний нисэхийн ерөнхий газраас өнөөдөр/2020.03.30/ мэдээллээ. Шинэ агаарын хаалгыг “RIPEK” хэмээн нэрлэж, Дэглий цагаан-Кызылд нислэг үйлдэх томилгоог агаарын тээвэрлэгч “Хүннү Эйр” ХХК авчээ.
Өнгөрсөн оны 10 дугаар сард ОХУ-ын Засгийн газар БНТУ-ын нийслэл Кызыл хотын “Кызыл” нисэх буудлыг олон улсын статустай болгосон. Улмаар тус нисэх буудлыг Увс аймгийн Дэглий цагаан нисэх буудалтай холбосон шулуун агаарын зам нээх, улсын хил дээр шинэ агаарын хаалга тогтоох хүсэлтийг ИНЕГ-т ирүүлсэн байна.
Монгол Улсын агаарын зайд нэгдсэн хяналт, дүн шинжилгээ хийсэн судалгаа, тайлан болон аюулгүй ажиллагааны эрсдэлийн үнэлгээнд үндэслэн агаарын хаалга, замыг шинээр тогтоож, Монгол Улсын Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль, Иргэний нисэхийн тухай хуульд заасны дагуу Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны нэгдүгээр сарын 06-ны өдрийн тушаалаар баталжээ.
Шууд нислэг үйлдсэнээр нислэгийн хугацаа багасч, шатахуун хэмнэн зорчигчдод хямд үнэтэй агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэхийн зэрэгцээ хоёр орны хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, худалдаа, соёлын солилцоо, аялал жуулчлалыг хөгжүүлэх чухал ач холбогдолтой юм.