"Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ, "Хил хязгааргүй алхам" ТББ-аас ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгаланд шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдэж мэдээлэл хийлээ. Тодруулбал, "Страто" ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож өгөхийг хүссэн албан шаардлагыг өнөөдөр ЗТХЯ-нд өгсөн юм.
Зам тээврийн яамнаас асуудлыг анхааралдаа авч ажлын хэсэг гарган нөхцөл байдалд дүгнэлт хийн ажиллана гэдэг хариултыг өгсөн байна.
Тус төрийн бус байгууллагын тэргүүн Х.Мандахбаяр "Страто ХХК нь төрийн болон орон нутгийн байгууллагуудад буруу мэдээлэл өгч ирсэн. Тус компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй. Тодруулбал, нүүрс тээврийн зам барьж байгуулна гэсэн үүргийг гэрээгээр хүлээсэн ч өнөөдрийг хүртэл тавиагүй. Малын бэлчээр, ус сүйтгэж байгаль орчинд асар их хохирол учруулж байгаа. Өнөөдөр бид Зам тээврийн яамны холбогдох албаныхантай уулзлаа. Уулзалтын үр дүнд ажлын хэсэг гарч энэ долоо хоногоос ажлаа эхлүүлэх гэж байна. Тус компани маш их хуулийг зөрчиж иржээ.
Өнөөдрийн уулзалтад Өмнөговь аймгийн Цогтцэцийн сумын Засаг дарга болон Дундговь аймгийн хоёр ч сумын Засаг дарга оролцож нутаг орны нөхцөл байдлыг ярьсан. Хамгийн сүүлийн малын бэлчээр устаж байна. Малчдын зүгээс энэ асуудлыг яаралтай шийдэхийг биднээс хүсч байгаа" гэсэн юм.
Харин Өмнөговь аймгийн Засаг дарга О.Бадарч "Страто компанид хуулийн хүрээнд байнга шаардлага тавьдаг. Үүнийхээ хариуд цагдаад их дуудагдсан. Энэ компани маш их хэмжээний хохирлыг байгаль орчинд учруулсан. Тодруулбал, говийн гурван аймгийн найман сумын нутаг дэвсгэрийг дамнан нүүрс тээвэрлэхдээ хөрс талхалж, бэлчээр сүйтгэсэн. Би нэг удаа ачилтыг нь зогсоох албан бичгийг "Эрдэнэс Тавантолгой" компанид өгч байсан. Түүнээс хойш гурван хоног зогссон юм байна лээ. Тэр хоногийнхоо ашгийг надаас нэхэмжилсэн. Намайг эрх мэдлээ урвуулан ашигласан гээд цагдаад өгч, орлогоо нэхэмжилсэн байсан. Би тодорхой хуулийн дагуу л бичиг бичиж өгсөн. Тус компанийн байгаль орчинд учруулсан хохирлыг маш тодорхой болгож нэхэмжилнэ. Хуулийг бүр уландаа гишгэсэн, байнга зөрчдог. Хэдэн муу малчид малаа бэлчээрлүүлэх газаргүй байна. Энэ компанийг хууль биелүүлэхийг би олон жилийн өмнөөс шаардаж ирсэн" гэсэн юм.