Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас хэрэгжүүлсэн аялал жуулчлалын "Go mongolia" төслийг Соёлын яам хариуцан ажиллаж байсан бөгөөд ингэхдээ тухайн төслөөс О.Тэмүүлэн нарын контент үйлдвэрлэдэг компанид "Ажил өгч" давуу байдал олгосон байж болзошгүй гэх асуудлаар Соёлын сайд асан Ч.Номинг шалгаж байж магадгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл Соёлын яам нь "Go mongolia" арга хэмжээг зохион байгуулахдаа нээлттэй сонгон шалгаруулалт зарлаагүй, зочид төлөөлөгчдөд өгөх бэлэг дурсгалын зүйлс худалдан авахад их хэмжээний хөрөнгө зарцуулсан болох нь аудитын байгууллагын шалгалтаар илэрсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. Үүгээр зогсохгүй өнгөрсөн 2024 онд Соёлын яамны харьяа байгууллагуудаас 20 гаруй тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн байна.
Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын эрхлэх асуудлын хүрээний 42 байгууллага нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж хагас тэрбум гаруй төгрөгийг зарцуулсан байжээ. Тиймээс ч аудитын байгууллагаас зөрчлийг арилгах албан шаардлага хүргүүлж, төлбөрийн акт тогтоогоод байгаа аж.
Ташрамд өгүүлэхэд, Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд асан О.Тэмүүлэнгийн найз охины олон нийтэд ил болсон тансаг хэрэглээг "Хууль ёсных" хэмээн дүгнээд байгаа бол О.Тэмүүлэнгийн хувь эзэмшдэг “Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК болон захирал Б.Баатар, иргэн А.Амундра нарт холбогдох асуудалд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа гэдгийг мэдээлж буй.