БНСУ-ын нийслэл Сөүл хотын захиргаа Христийн шашны Шинчонжи сүмийг шинэ төрлийн коронавирус улс эх оронд нь хурдан тархахад нөлөөлсөн гэж буруутган тус сүмээс 200 сая воны нөхөн төлбөр нэхэмжилжээ.
Тус улсад илэрсэн халдварын тохиолдлын дийлэнх нь Шинчонжи сүмийн итгэгчид байгаа ба сүмийн удирдлагууд эрх баригчдын зүгээс шаардсан сүмийн гишүүдийн нэрс болон бусад мэдээллийг өгөхгүй удаасан байна. Энэ нь коронавирусийн эсрэг тэмцэх үйл хэрэгт саад учруулсан гэж Сөүл хотын прокурорын газар үзэж энэхүү сүмийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Түүнчлэн Шинчонжи сүмийн үйл ажиллагааг бүр мөсөн хаах санал гарч, уг саналыг 1,4 сая хүн дэмжиж гарын үсэг зурсан байна.
Эрүүгийн хэрэг үүссэний дараа сүмийг үүсгэн байгуулагч И Ман Хи өөрийн биеэр хэвлэлийн хурал зохион байгуулж, буруугаа хүлээн, ард иргэд болон эрх баригчдаас хүлцэл өчиж, коронавирустэй тэмцэх үйл хэрэгт 12 тэрбум вон хандивлаж байгаагаа зарласан. Гэвч Сөүл хотын захиргаа энэхүү мөнгийг авахаас татгалзсан юм.
Эх сурвалж: KOREA TIMES