Б.Сүмбэр гэх захиралтай “Хөвсгөл биологи” ХХК газар ашиглах гэрчилгээгүй байж дархан цаазат Богдхан ууланд ресорт барьж, үйл ажиллагаа явуулж эхэлжээ

Б.Сүмбэр гэх захиралтай “Хөвсгөл биологи” ХХК газар ашиглах гэрчилгээгүй байж дархан цаазат Богдхан ууланд ресорт барьж, үйл ажиллагаа явуулж эхэлжээ

Зайсангийн амны 3675,2 га газрыг 2000 гаруй иргэн, ААН ашиглаж буй. Энэ мэтээр тусгай хамгаалалттай бүс нутагт аялал жуулчлалын зориулалтаар газар аваад өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулах дүр зураг элбэг. Үүний нэг жишээ "Агаарлая" ресорт юм.

-АНХ АВСАН ГАНЦ ЗӨВШӨӨРӨЛ НЬ ХУДАГ ГАРГАХ ЗӨВШӨӨРӨЛ Л БАЙСАН-

Тодруулбал, “Хөвсгөл биологи” ХХК “Агаарлая” гэх нэртэй ресортийн үйл ажиллагааг явуулж байна. Тус компани нь Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн Зайсангийн аманд байх 1.84 га газрыг иргэдийн амрах зугаалах, нийтийн хэрэгцээний “Монголын нэг өдөр” ногоон байгууламж гэх нэрэн дор төсөл хэрэгжүүлж байсан ч хууль бусаар буюу барилга барих зөвшөөрөлгүйгээр уг газар дээр барилга барин ашиглаж эхэлжээ.

Тодорхой хэлбэл тус компани нь 2022 онд БОАЖЯ-ны сайдаар "мод тарьж, зүлэгжүүлж, тохижуулах" гэх гэрээг батлуулсан тул барилга барьж, үйл ажиллагаа явуулж байгаа нь зөвшөөрөлгүй, хууль бус гэсэн үг.

Авсан ганц зөвшөөрөл нь худаг гаргах зөвшөөрөл л авсан байгаа юм. Эх сурвалжаас зарим зүйлийг тодруулахад, Тухайн газарт эхэндээ хэдэн гэр барьсан байж байгаад энэ оны хавар байшингаа барьж дуусгасан гэв. Тус барилгыг барьсан "Хөвсгөл биологи" ХХК-ийн захирлыг Б.Сүмбэр гэдэг. Богд Хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байцаагч үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж албан шаардлага хүргүүлж, үйл ажиллагаагаа зогсоочхоод хариу мэдэгдээрэй гэхэд хүртэл огт хариу өгдөггүй талаар мөн эх сурвалж бидэнд мэдээлсэн.

-АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗОРИУЛАЛТААР НОГООН БАЙГУУЛАМЖ БАЙГУУЛАХ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ АВЛИГА, АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАСАН ХЭРГЭЭР ЯЛ АВСАН Б.БАТМӨНХ ГЭХ ХҮН ӨГЧЭЭ-

Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч хийж байсан Б.Батмөнх гэх өдгөө авлига албан тушаалын хэргээр ял авчихсан этгээд тухайн үед уг барилгын эзэнтэй гэрээ байгуулсан байдаг. Гэхдээ уг гэрээ нь дээр дурдсанчлан амрах зугаалах, нийтийн хэрэгцээний ногоон байгууламж барих тухай зөвшөөрөл юм.

Богдхан уулын дархан цаазат газар нь нийт 42,271.24 га нутаг дэвсгэртэй. Үүнээс бусдад өмчлүүлэх, орон сууц барихыг хориглосон талбайн хэмжээ 23,314.4 га.

Гэвч тус хамгаалалтын бүсэд аялал жуулчлал хөгжүүлэх гэх нэрийн дор 3675,2 га газрыг 2000 гаруй иргэн ААН-д олгожээ. Үүнийг бүсчлэлээр нь задалбал Хан-Уул дүүрэгт 1812, Баянзүрх дүүрэгт 192, Төв аймагт 10 иргэн, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгосон байна. Дээр дурдсанчлан дархан цаазат Богдхан уулын хамгаалалтын бүс нь аялал жуулчлалын зориулалттай тул газар эзэмшүүлэхгүй байх хуультай. Гэтэл аялал жуулчлалын зориулалтаар газар аваад барилгажуулдаг энэ мэт зөрчил гарсаар байна.