"Улаанбаатар метро" төслийн зүүн талын депог Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны 26.6 га талбайд барихаар төлөвлөсөн. Тус депод Улаанбаатар метроны хөдлөх бүрэлдэхүүний техник үйлчилгээ, оношилгоо, засвар, зогсоол зэрэг үйл ажиллагааг төвлөрүүлэх юм. Энэ хүрээнд тус төслийн холбогдох албаныхан болон зөвлөх үйлчилгээний “Духуа инженеринг” ХК-иар ахлуулсан түншлэл депо барихаар төлөвлөсөн байршилд өнөөдөр /2025.07.30/-нд ажиллалаа.
Улаанбаатар метро төслийн Төмөр замын инженер Б.Амгаланбаяр Б.Амгаланбаяр “Улаанбаатар метро төсөл ашиглалтад орсноор цагт 17,200 хүн тээвэрлэх хүчин чадалтайгаас гадна 15 өртөөтэй. Хийц бүтээцийн тухайд 14 зогсоол газар доогуур туннел хэлбэрээр явах бөгөөд эцсийн зогсоол нь засвар үйлчилгээний депотой залгаа газарт ил байрлана. Түүнчлэн 4.5 минут тутамд метро явахаар төлөвлөсөн” гэв.
Метроны өртөө, зогсоол нь 170 метр урт, 25 метр өргөн, доошоо гурван давхар байгууламж байх юм. Тодруулбал, B1 давхартаа зорчигчдын тав тухыг хангахуйц үйлчилгээний талбай, B2 давхарт үйлчилгээний тоног төхөөрөмж, сервер, дохиолол холбоо, эрчим хүчний удирдлагын самбар зэрэг техникийн хэсэг байх бол B3 давхарт хонгилын хэсэг байрлахаар төлөвлөжээ.
“Духуа инженеринг” ХК-ийн Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч Ким Жин Нам “Нийт 19 цуваа метрог төлөвлөсөн. Бүрэн автомат буюу жолоочгүй байна. Засвар үйлчилгээний депогийн тухайд автомат засвар, угаалга, удирдлага, зогсоолын хэсгээс бүрдэнэ. Зогсоолын хэсгийг Монголын эрс тэс уур амьсгалд тохируулж битүү байдлаар барина. Удирдлагын хэсгээс метрог бүхэлд нь хянах боломжтой. Мөн урсгал засварыг 2-5 жил тутамд хийх тул засварын төвийг шийднэ" гэв.
Энэхүү төслийг хэрэгжүүлэх гүйцэтгэгчийн хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг ирэх сард зарлана. Харнн аравдугаар сард гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах бөгөөд барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлэх аж.