УДБЭТ-ын уран бүтээлийн 63 дахь улирлын хөтөлбөрийн талаар өнөөдөр /2025.07.30/-нд танилцууллаа. Тоглолтын улирлын нээлт жил бүрийн аравдугаар сард болдог уламжлалтай. Харин энэ удаагийн буюу 63-дахь улирлын нээлт 2025 оны есдүгээр сарын 27,28-нд УДБЭТ-ын хөгжмийн уран бүтээлчдийн "Orchestra Night-III" тоглолтоор эхлэх юм байна.
УДБЭТ-ын захирал Д.Алтанхуяг "Энэ жил УДБЭТ-д толилуулах уран бүтээлүүдийн хуваарь гарсан. Мөн үзэгчдэдээ зориулж олон гайхалтай мэдээг дуулгамаар байна. Улирлын нээлтийг есдүгээр сарын 27-ны өдөр "Orchestra Night-III" тоглолтоор эхлүүлнэ. Үүнд УДБЭТ-ын хөгжимчид дангаар Францын хөгжмийн бүтээлүүдийг тоглох бол 28-ны тоглолтод Итали улсын уран бүтээлчидтэй хамтран Монгол, Италийн гайхалтай хөгжмийн бүтээлүүдийг эгшиглүүлэх юм. Түүнчлэн, Дуурийн нээлтээ Монголын түүхэн дуурь болох Төрийн шагналт Ц.Нацагдоржийн цомнол "Гүн гэрийн гүнж" дууриар, Балетын нээлтээ П.И.Чайковскийн " Хунт нуур" сонгодог уран бүтээлээр тус тус хийхээр төлөвлөсөн. Мөн тоглолтын улирлын хугацаанд үндэсний хоёр дуурь тоглохоор бэлдэж байгаагийн нэг нь Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Б.Шаравын "Чингис хаан" дуурь юм. Түүнээс гадна П.И.Чайкавскийн "Хунт нуур" бүжгэн жүжгийг Монголын тайзнаа толилуулсны 50 жилийн ой тохиож буй. Иймд улирлын хугацаанд П.И.Чайкавскийн "Хунт нуур' балет, "Цөмөөхэй" болон А.Аданы "Жизель" балетыг тус тус тоглоно" гэв.