Улаанбаатар хот нийт 1280 автобусны зогсоолтой. Тэгвэл нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, аюулгүй, тав тухтай үйлчилгээг хүргэхийн тулд техник технологийн шинэчлэлийг нэвтрүүлж, өдөр тутмын үйлчилгээг сайжруулж байна. Үүний нэг ажил болох нийтийн тээврийн үйлчилгээний автобусны зогсоолын мэдээллийн самбарыг автоматжуулж шинэчлэх ажлыг үе шаттай хийж эхэлжээ.
Тус самбарыг автоматжуулах ажлыг гүйцэтгэж байгаа “Дата Дэүс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Болор “Автобусны буудал болгонд тохирсон автобусны бүх чиглэлийн мэдээллийг газрын зурган дээрээс автоматаар харуулна. Деталиудыг хүний гараар зурах шаардлагагүй болсон. Бүтээмж сайжирч технологийн дагуу самбарын бүх мэдээлэл автоматаар хийгдэнэ. Туршилтын загварууд хийгдэж эхний хувилбараар танилцуулагдаж байна” гэв.